Орос, Украины хооронд дайн гарсан тохиолдолд барууны орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авах бөгөөд, банкны карт, дансууд хаагдаж, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт нүүрлэн, олон тооны компаниудыг дефолт зарлахад хүргэж болзошгүй юм. Энэ тухай Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Олон улсын хөрөнгийн зах зээлийн хэлтсийн дарга Яков Миркин “Улс орны нийслэл” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Мөн Төв банкны экс тэргүүн Дубинин АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан тохиолдолд гадаад валютаар хийгддэг төлбөр тооцоо зогсож магадгүй гэсэн бол бусад эдийн засагчид “Дайны үед банкны картууд хаагдахгүй, рублийн төлбөр зогсохгүй, оросууд Visa болон MasterCard-ээр рублиэр төлбөр хийх боломжтой. Бэлэн мөнгө эргэлт хязгаарлагдахгүй, инфляци өснө. Гэхдээ Орос улс өөрсдийн үнэ цэнээр энэ бүгдийг даван туулна хэмээснийг Gazeta сонин тэмдэглэжээ.
Гэхдээ зарим эдийн засагчид санхүүгийн хязгаарлалтууд нь Оросын хүн амд хүндээр тусна. Иргэд АТМ-аас мөнгө, банкнаас хадгаламж авах боломжгүй болно. Рублийг гадаад валютаар солих үйл ажиллагааг хориглож, бэлэн мөнгөний эргэлтийг хязгаарлах магадлалтай хэмээсэн байна. Харин Төв банкны тэргүүн асан Сергей Дубинин дайн болон хориг арга хэмжээний үед рублийн төлбөр ямар ч байдлаар хохирол амсахгүй гэж мэдэгджээ.
Мөн эдийн засагч Кочетков “Зарим барааны хомстол үүсч болох ч ОХУ зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний ихэнхийг өөрөө үйлдвэрлэдэг. ОХУ-ын бараа бүтээгдэхүүнийг импортолж буй хүмүүст бодит асуудал үүсч магадгүй. Энэ нь зөвхөн газрын тос, байгалийн хий биш юм. Наад зах нь Орос бол дэлхийн зах зээлд хамгийн том улаан буудай нийлүүлэгч юм. Ямартай ч туйлын хатуу хориг арга хэмжээ авах нь үнэн хэрэгтээ барууны орнуудад сөрөг нөлөөтэй” хэмээн үзэж байгаагаа ярьжээ.
Үүнээс гадна Кочетков “Хэрэв бид дайны тухай ярьж байгаа бол дэлхийн хэмжээнд жинхэнэ мөргөлдөөн үүссэн тохиолдолд дэлхийн бүх эдийн засаг онцгой горимд шилжиж, банкны үйл ажиллагаа түр зуур мартагдах болно. Ийм тохиолдолд “лаазалсан хоол хамгийн үнэ цэнэтэй валют болно” гэдгийг онцолсон байна.
Төв банкны экс тэргүүн Дубинины тухайд “Геополитикийн нөхцөл байдал хурцадсан тохиолдолд Оросын банкуудаас гаргасан Visa болон MasterCard картууд үргэлжлэн ажиллах болно. Хязгаарлалт нь зөвхөн гадаадын банкуудын гаргасан картуудад л нөлөөлнө.
Доллар, евро нь нийт худалдааны 90%-ийг бүрдүүлдэг бөгөөд хориг арга хэмжээ авсан тохиолдолд эдгээр үйл ажиллагааг зогсоож болно. Энэ нь иргэдэд ч, аж ахуйн нэгжүүдэд ч хамаатай. Гэхдээ үүнийг хэн ч хийж зүрхлэхгүй, энэ бол өндөр магадлалтай. Эс бол олон улсын зах зээлд газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн төлбөрийг хэрхэн төлөх вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Энэ нь зоосны нөгөө тал байж болох юм. Нэмж дурдахад, энэ шийдвэр долларт итгэх итгэлийг алдагдуулна. Хэрвээ үүнийг хялбархан удирдаж чадвал дэлхий дахин төлбөр хийх өөр арга зам хайх болно” гэсэн байна.