Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг нар өнөөдөр (2022.02.14) ажлын дэд хэсгийн гишүүдийн хамт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын газар ашиглалтын нөхцөл байдалтай ажлын хэсгийн чиг үүргийн хүрээнд танилцлаа.
Энэ үеэр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн цогцолбор газрын хамгаалалтын менежмент, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр нар мөн мэдээлэл хийхдээ тусгай хамгаалалттай газар нутагт суурьшлын бүс үүссэн асуудал болон орчны бохирдол, экологийн тэнцвэртэй байдал алдагдахад хүрсэн талаар онцлов.
Байгууллагуудын мэдээллийг сонссоноор ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг нар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, мэргэжлийн хяналт, газрын алба зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнуудаас зарим мэдээллийг тодруулж, хариулт авахын зэрэгцээ тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах бодлогыг цаашид илүү боловсронгуй болгох талаар саналаа хуваалцсан.
Энэ үеэр байгууллага хооронд эрх мэдлээ булаалдах болон чиг үүргээ түлхэлцэх байдлаар асуудлыг хүндрүүлж буй байдал ажиглагдаж байна. Эрх зүйн зохицуулалтыг сайжруулна гэхээс илүүтэй одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоо бүрэн хэрэгжүүлж ажиллах нь дутмаг байна гэдгийг ажлын хэсгийн ахлагч тэмдэглэсэн. Тэрбээр мөн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл зэрэг тусгай хамгаалалтад авсан газар нутагтаа зөндөө газар олгосон.
Энэ газруудад газрын харилцаа үүсэж, зориулалтаас өөрөөр ашиглах, байгалийн унаган төрхийг алдагдуулах зэргээр бий болсон замбараагүй байдлыг тусгай хамгаалалттай бусад газар нутгуудад давтахгүй байх ёстой. Бүх алдаа завхралыг ажлын хэсэг засах боломжгүй. Эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж таарах байх.
Цаашид дахин ашиглах гэрчилгээ өгөхгүй байх, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа нэрийн дор газар ашиглалтын харилцаа үүсгэж, гэрээ байгуулсан хэрнээ гэрээнд зааснаас өөрөөр газраа ашигласан тохиолдолд эрхийг цуцлах зэрэг норм, стандартыг тогтоож өгөх нь зүйтэй юм. Одоо газрын харилцаа үүсчихээгүй байгаа эрүүл газруудаа хамгаалалтын бүс рүү нь оруулж хамгаалагдах газрын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна. Тулгамдсан эдгээр асуудлыг зөв харж, шийдэх талаас ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаж, шийдвэрлэх талаас ажиллана” хэмээн ярив.
Манай улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалттай газар нутагт 32.7 сая га газар хамрагддаг нь нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь юм. Улсын хэмжээний тусгай хамгаалалттай газар нутгуудаас Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах гэрчилгээ олгож, эдгээрт ашиглах гэрчилгээ олгосон газар нутгийн хэмжээ нийт газрын харилцаа үүссэн газар нутгийн 97 хувийг эзэлж байна.