Монгол Улсын Хөгжлийн Банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа хийж байгаа эсэх талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа ярьж байна.
-Хөгжлийн Банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудалд прокурорын байгууллага ямар байр суурьтай байна вэ? Хууль хяналтын байгууллага энэ асуудалд анхаарал хандуулахгүй, зээл авсан хүмүүсийг шалгахгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд байна?
-Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой мэдээлэл сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байна. Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой асуудлууд өмнө нь эрүүгийн журмаар шалгагдан прокурорын байгууллагаас хяналт тавьж, мөн төр, нийтийн ашиг ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр иргэний журмаар нэхэмжлэл бичих зэрэг ажлууд хийгдэж байсан. Эцэслэн шийдвэрлэгдээгүй нэхэмжлэл, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүд ч одоо байгаа.
-Одоогоор Хөгжлийн Банктай зээлтэй холбоотой хэдэн хэрэг шалгагдаж байна вэ?
-Прокурорын хяналтанд өнөөдрийн байдлаар тус банктай холбоотой Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн 9, мөрдөн байцаалтын 4, Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа 3 хэрэг тус тус байна. Өмнө нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн 4 хэрэг байгаа. Одоо Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гарган ажиллаж байна.
Мөн прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Хөгжлийн Банкнаас 2019, 2020 онд ирүүлсэн хүсэлтийн дагуу 8 зээлтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон. Тодруулбал,
- “Хөтөл” ХХК-ийн 61.2 сая ам.доллар,
- “Эрэл” ХХК-ийн 23 сая ам.доллар, 13 сая евро,
- “Бэрэн” группын 27.2 сая ам.доллар,
- ТОСК-ийн 57 сая ам.доллар,
- “Монгол драй милк” ХХК-ийн 14.9 сая ам.доллар,
- “Капитал” банкнаас дамжуулан зээлсэн 68.1 тэрбум төгрөг,
- “Бишрэлт групп” ХХК-ийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн” ХХК-иудын 30.3 сая ам.доллар, “Кью Эс Си” ХХК-ийн 71.3 сая ам.доллар,
- “Ган Хүдэр Орд” ХХК-ийн 5 тэрбум иенийн зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхэд прокурорыг оролцуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэсэн байна.
Эдгээрээс “Хөтөл” ХХК, “Бэрэн групп”, “Монгол драй милк” ХХК, “Бишрэлт групп” ХХК, “Ган Хүдэр Орд” ХХК-тай холбоотой хүсэлтүүдийг эрүүгийн журмаар шалгуулахаар холбогдох мөрдөх байгууллагад шилжүүлж, ТОСК-тай холбоотой хүсэлт нь төрийн байгууллага хоорондын маргаан, “Капитал” банктай холбоотой хүсэлт нь эрх хүлээн авагч төлбөрийг барагдуулах дараалалд багтсан үндэслэлээр тус тус прокурор оролцохоос татгалзсан.
Харин “Кью Эс Си” ХХК, “Эрэл” ХХК-ийн зээлтэй холбоотой иргэний хэрэгт прокурор төрийн эрх ашгийг хамгаалж оролцсоноос “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэл одоогоор шийдвэрлэгдээгүй байна. “Кью Эс Си” ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, 192.6 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулахаар болсон.
-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор УЕПГ-аас Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтуудтай уулзалт зохион байгуулсан уу? Эргэн төлөлт нь эрсдэлд орсон бусад компаниудыг шалгах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
Улсын ерөнхий прокурорын газраас 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн Банкны холбогдох хүмүүстэй ажил хэргийн уулзалт зохион байгуулж, эргэн төлөлт нь эрсдэлд орсон зээлтэй холбоотой асуудлын талаар ярилцсан. Уулзалтаар зарим зээлийн асуудлыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай гэж үзсэн.
Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар нийт 75 зээл /66 зээлдэгчийн/-ийн жагсаалтыг хүргүүлснээс зээл олголтын байдал, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан эсэхийг тус тус шалгуулна.
-Хөгжлийн банкнаас зээл авсан асуудал шалгагдаж байсан ч хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хэрэгсэхгүй болсон асуудлууд бий. Үүнийг сэргээн шалгаж байгаа юу?
-Улсын ерөнхий прокурорын газраас Хөгжлийн Банктай холбоотой нийгэмд үүсээд байгаа асуудлаар буюу Хөгжлийн Банк байгуулагдсан 2011 оноос хойш тус банктай холбоотой шийдвэрлэгдсэн хэрэг, материалуудыг хянаж, гарч байсан шийдвэрүүдийн үндэслэлийг танилцуулах үүргийг бүх нэгж прокурорын газруудад өгсөн. Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэг бүрийг хянаж, одоо дуусаж байна. Удахгүй тухайн хэрэг, материалуудыг сэргээн шалгуулах шаардлагатай эсэх талаар прокурорын шийдвэрүүд гарна.
Мөн тус банк байгуулагдсан цагаасаа хойш иргэний журмаар шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, холбогдох шүүхийн шийдвэрүүд, нэхэмжлэлүүдэд эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай асуудал байсан эсэхийг судлан үзэж байна.
Түүнчлэн өмнө нь УИХ-аас байгуулагдан Хөгжлийн Банкийг шалгаж байсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үзэж танилцан, эдгээр ажлуудын үр дүнг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр Авлигатай тэмцэх газарт одоо шалгагдаж байгаа хэрэгтэй хамтатган шалгуулах эсэхийг шийдвэрлэнэ.
Ерөнхий прокуророос Хөгжлийн Банктай холбоотой хэргүүдэд УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааны явц байдалтай тухай бүр танилцах, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллах үүргийг өгсөн байгаа.
Дээрх ажлын үр дүнгийн талаар болон хэргийн шийдвэрлэлттэй холбоотой асуудлаар тухай бүр олон нийтэд мэдээлэх болно.
Эх сурвалж: Улсын Ерөнхий прокурорын газар