Замын-Үүдийн гаалиар Сар шинийн баярын өдрүүдээр 420 тонн буюу 17 чингэлэг тахианы махыг улсын хилээр зориулалтын бус тээвэрлэлт хийж оруулж ирсэн байдаг. ГЕГ тахианы махны импорт хийсэн компанийн нэрсийг зарлах боломжгүй хэмээн мэдэгдэж байсан ч тэдний нэрс ил гараад байна.
17 чингэлэг махны нийт үнийн дүн дөрвөн тэрбум төгрөг болж байгаа аж. Энэ хэрэгт холбогдуулан Агро ХХК, НВЦ трейдинг, Хасхүү ХХК, Далайцэнгэл ХХК, Хос-Очирт трейд, Эйшн органик фүүд импорт ХХК /Asian organic/ компаниудыг шалгаад эхэлжээ.
Импортын мах махан бүтээгдэхүүнийг -18 хэмээс багагүй температуртай, зориулалтын хөргүүр бүхий чингэлгээр тээвэрлэнэ гэж Хүнсний аюулгүй байдлын тухай хуульд заасан. Гэвч Шинийн нэгний өдөр БНХАУ-ын +4 хэмийн дулаантай Жининг хотоос 10 гаруй хоног тээвэрлэн авч ирсэн тахианы мах нийслэлд орж ирээд удаж байна.
Замын-Үүдийн Хилийн мэргэжлийн хяналтын шалгалтыг давсан 17 чингэлэг тахианы мах одоо оруулж ирсэн аж ахуй нэгжүүдийнхээ агуулахад байгаа бөгөөд Гаалийн ерөнхий газарт хадгалах зориулалтын хөргүүр байхгүй учраас импортлогчдын мэдэлд байлгаж байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Хил гаалийн хяналт шалгалт явуулах эрхтэй байгууллагуудын хяналт шалгалт, хадгалалт хамгаалалтын тогтолцоо муу, Гаалийн ерөнхий газарт хөргүүртэй агуулах ч байхгүй ийм тохиолдолд импорлогчдын агуулахад хадгалагдаж байгаа 17 чингэлэг тахианы мах зах зээлд, худалдааны төвүүдээр худалдаалагдахгүй гэсэн баталгаа алга байгаа юм.
1 comment
17 чингэлэг ч бхда яахав дээ кк.