Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр ажлын дэд хэсгийн гишүүдийн хамт Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын нөхцөл байдалтай чиг үүргийн хүрээнд танилцав.
Мөн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн мэдээлэл, судалгаанд үндэслэн холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, байгууллагууд мэдээллээ солилцон, тодрууллаа.
Ажлын хэсэг тусгай хамгаалалттай газар нутгуудад явж ажилласнаар тусгай хамгаалалттай газар нутгуудын хамгаалалтын байдал, цаашид анхаарах ёстой асуудлыг илүү тодорхой болгон, санал, дүгнэлтдээ тусгаж, Байнгын хорооноос нэгдсэн шийдвэр гарган Засгийн газар хийгээд холбогдох байгууллагуудад чиглэл өгөх зорилготой ажиллаж байна.
Манай улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалттай газар нутагт 32.7 сая га газар хамрагддаг нь нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь юм.
БОГДХАН УУЛЫН, ГОРХИ-ТЭРЭЛЖ, ХӨВСГӨЛИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАРТ ДАХИН АШИГЛАХ ГЭРЧИЛГЭЭ ӨГЧ, ХҮРЭЭГ НЬ ТЭЛЭХГҮЙ АНХААРАХ ЁСТОЙ
Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Тусгай хамгаалалттай газар нутгуудын өнөөгийн байдлын мэдээлэлд дүгнэлт хийхэд, газар дээр нь явж үзэхэд ч анхаарах асуудлууд байна. Энэ хүрээнд эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Үндсэн хууль хийгээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлж сайжруулна.
Улсын хэмжээний тусгай хамгаалалттай газар нутгуудаас Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах гэрчилгээ олгож, эдгээрт ашиглах гэрчилгээ олгосон газар нутгийн хэмжээ нийт газрын харилцаа үүссэн газар нутгийн 97 хувийг эзэлж байна. Тиймээс эдгээр газруудад дахин ашиглах гэрчилгээ өгч, хүрээг нь тэлэхгүй байхад онцгой анхаарах ёстой.
Одоо эрүүл байгаа газрыг хамгаалалтын бүс рүү оруулж, хамгаалагдах газрын хэмжээг тэлэн, аль болохоор унаган байдлыг хадгалахад гол анхаарлаа хандуулна. Тулгамдсан эдгээр асуудлыг зөв харж, шийдэх талаас ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаж, шийдвэрлэх талаас ажиллана” хэмээн ярив.
Ажлын хэсэг Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Богдхан уулын Нүхтийн ам, Жаргалантын ам, Тайны ам, Түргэний ам, Ташгайн амуудад очиж нөхцөл байдалтай танилцсан.
ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ГЭРЧИЛГЭЭ ОЛГОДОГ Ч ХАУС ХОРООЛОЛ БАРЬЖ, ХАМГААЛАЛТЫН БҮСИЙГ ӨӨРЧИЛДӨГ
Ажлын хэсэг ирэх Даваа гаригт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын газар ашиглалт болон ажлын хэсгийн чиг үүргийн хүрээний бусад асуудлаар ажиллана.
Мөн орон нутагт очиж ажиллахын зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийх зэргээр ажиллах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.