Хүн зодож, хүнд бэртээсэн хэргээр Ганц худагт хоригдож байгаа Найдангийн Түвшинбаярын цагдан хорих хугацааг шүүхээс дахин нэг сар сунгажээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газар 2022 оны нэгдүгээр сарын 14-нд өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэх үндэслэлээр Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 1 сараар хойшлуулж байсан юм.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 сарын 21-нд анх Н.Түвшинбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих шийдвэрийг гаргаж байсан юм.
Түүнд зодуулсан улсын начин Э.Энхбат оны өмнө нас барсан бөгөөд саяхан шүүх эмнэлгийн дүгнэлт нь гарсан талаар эхнэр нь мэдээлсэн байв. Яллагдагч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “ Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан “ гэж эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.