Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлын талаар “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Монголбанкны зүгээс банкуудад шалгалт хийхдээ аж ахуйн нэгж, харилцагчийн мэдээллийг чанд хадгалдаг. Гэхдээ аливаа нэгэн зөрчил үүссэн тохиолдолд шүүх, хууль сахиулах байгууллага, прокурорын хяналтын доор энэ мэдээллийг гаргах эрхтэй байдаг. Бидний харж байгаагаар Хөгжлийн банк дотоодын санхүүгийн тайлангаа нууцлалын зэрэгтэйгээр гаргаад олон нийтэд танилцуулж байгаа. Үүн дээр тодорхой мэдээлэл өгье.
2018 оны шалгалтаар өнөөдрийн гарч буй зөрчлүүд ихээр гарч байсан. Тухайн үед зээл, активын харилцаан дээр томоохон санкц тавьж өгсөн. “Самурай” бондын иенийн санхүүжилт авснаас үүдэн хууль хүчний байгууллага дээр эх үүсвэртэй холбоотой асуудал шалгагдаж байгаа. Зээлдэгч нарт доголдол үүссэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тус банк хадгаламжийн данс ашигладаггүй.
52 зээлдэгчийн зээлийн материал дээр иж бүрэн шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд 755 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах үүрэг өгсөн. Дотор нь гурван ангиллыг хийсэн. Ногоон ангиллын хувьд хэвийн үйл ажиллагаа явагдаж байна. Улаан болон бусад бүс рүү орсон зээлдэгч нарыг хууль хүчний байгууллага Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан” гэлээ.