Ирак улс 1990-1991 онд Кувейтийг хууль бусаар цэрэглэн түрэмгийлж, эзлэн авсныхаа төлөөс болох 50 гаруй тэрбум ам.долларын хохирлыг барагдуулж дууслаа.
НҮБ-ын Женев дэх ОХУ-ын Байнгын төлөөлөгч Геннадий Гатилов НҮБ-ын Иракт нөхөн олговор олгох комиссын 16-р ээлжит бус чуулганд үг хэлэхдээ, “Нөхөн олговор авахаар нэхэмжилсэн талд төлөх төлбөрөө Багдад уйгагүй хүчин чармайлт гарган биелүүллээ. Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаад Орос улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бусад гишүүн орнуудтай адил дэмжиж байна” гэжээ.
Мөн тэрбээр Багдад энэ асуудалд хариуцлагатай хандаж, өнгөрсөн сарын эхээр төлбөрөө бүрэн хийх боломжтой болсон. Одооноос Ирак нефтийн экспортын орлогын тодорхой хувийг Нөхөн төлбөрийн санд шилжүүлэх шаардлагагүй болсон” хэмээн нэмж хэлжээ.
Нөхөн олговрын комисс нь Иракийн Кувейтийг хууль бусаар эзлэн түрэмгийлэхдээ иргэд, аж ахуйн нэгж, Засгийн газар, Олон улсын байгууллагад учруулсан шууд хохирлыг барагдуулах зорилготойгоор 1991 оны хавар НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолоор байгуулагджээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл анх Иракийг тус санд нефть, нефтийн бүтээгдэхүүний экспортын 30 хувийг суутган авах ёстой гэж тогтоосон бол дараа нь энэ хувийг 25 хувь, мөн дараа нь 5 хувь хүртэл бууруулжээ.
Комисс нийт 352,5 тэрбум ам.долларын 2,686 сая гаруй нэхэмжлэлийг хэлэлцсэнээс 1,5 сая гаруй нэхэмжлэлийг хангаж, ойролцоогоор 52,4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний нэхэмжлэлийг хүлээн авчээ.
1990 оны наймдугаар сарын 2-нд Иракийн цэргүүд Кувейт руу довтолж, газрын тосны нөөцийг нь булаан авахын тулд тус улсыг эзэлсэн юм. Тиймээс НҮБ Иракийн эсрэг хориг арга хэмжээ авч, АНУ болон түүний холбоотнууд 1991 оны 2-р сард Кувейтийг чөлөөлөх “Цөлийн шуурга” ажиллагаа явуулсан юм.