Хүний эрхийн үндэсний комисс аймгийн Засаг дарга нарт хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх зөвлөмжийг хүргүүлжээ Өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг биелүүлэхгүйгээр хүүхдийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл гэж тус газар үзсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон билээ.
Иймд холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж, өвөл хаврын (хүйтний улиралд) хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, сумдын Засаг дарга нарт дээрх асуудлаар үүрэг, чиглэл өгч биелэлтийг хангуулж ажиллах, хууль тогтоомжийг зөрчин хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хууль хяналтын байгууллагад тухай бүр шилжүүлэн шалгуулах Зөвлөмжийг бүх аймгийн Засаг нарт хүргүүлжээ.