2021 оны жилийн эцсийн байдлаар даатгалын компаниудын бонд, хувьцаа хэлбэрээр хөрөнгийн зах зээлд оруулсан нийт хөрөнгө оруулалт 65.1 тэрбум төгрөг хүрснийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 140.2 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
2020 онд компанийн өрийн хэрэгсэлд оруулсан хөрөнгө оруулалт 17.5 тэрбум төгрөг байжээ. Харин 2021 онд 141.2 хувиар өсөж, 42.2 тэрбум төгрөг хүрсэн байна.
Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй компанийн хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалт өмнөх оноос 96.4 хувиар өсөж, 10.8 тэрбум төгрөг хүрээд байгааг Санхүүгийн зохицуулах хороо мэдээлэв.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан компанийн өрийн хэрэгсэлд даатгалын компаниудын хөрөнгө байршуулах дээд хувийг 30 хувь болгож өсгөөд байгаа юм.
Мөн Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй компанийн хувьцаанд хөрөнгөө байршуулах дээд хувийг 20 хувь байхаар тус тус 10 хувиар нэмэгдүүлсэн нь голлон нөлөөлсөн гэж үзжээ.