Ихэнх аймгуудад шүлхий болон малын гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор Мал эмнэлгийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавих хяналт энэ жил чангарсан.
Салбар яамны өгсөн мэдээллээр энэ хавар цаг агаарын нөхцөл байдал сайн байх учир мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүс олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. Засгийн газраас бэлтгэсэн нөөц, өвс тэжээлийг одоогоор гаргаагүй байгаа. Нөөцийн мах хотын хэрэгцээг бүрэн хангана гэж тооцоолсон байна.
2022 онд нийслэлчүүдийн хэрэглэх нөөцийн махыг бэлтгэх, ханган нийлүүлэх ажлыг өнгөрсөн долдугаар сараас эхлүүлэн нийт 13 мянган тонн махыг бэлтгэхээр төлөвлөсөн байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд мах нийлүүлэх хүсэлтээ гаргаж өгсөн аж ахуй нэгжүүдээс эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэл, хадгалах агуулахын шаардлагыг хангасан 20 гаруй компани мах нийлүүлэхээр бөгөөд одоогийн байдлаар бэлтгэгдэн ирсэн 11 мянган тонн махыг нөөцлөхөд бэлэн болоод байгаа бол хоёр мянган тонн махыг шинжилж стандартад нийцэх эсэхийг шалгаж байгаа аж.
Нөөцийн мах бэлтгэлд 100 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуй нэгжүүдэд олгосон. Нийт махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхэр, 10 хувь нь ямааны мах бөгөөд 1-2 килограммаар савалж ирэх сараас худалдаанд гаргахаар төлөвлөжээ.