Монгол Улсын Их Хурал Авлигын эсрэг хуулийг хоёр удаа батлан хэрэгжүүлсэн. Эхнийх нь 1996 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр баталсан Авилгалын эсрэг хууль юм. Энэ хууль 3 бүлэг 18 зүйлтэй байв. Авлигын асуудлыг зохицуулсан анхны гэдгээрээ дэвшилтэт байсан ч тухайн цаг үед авлигатай тэмцэх бодит механизм байгаагүйгээс шалтгаалан уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байсан хэмээн судлаачид үздэг.
Удаах нь 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр батлагдсан Авлигын эсрэг хууль байв. Хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан 1996 оны Авилгалын эсрэг хуулийг хүчингүй болгосон.
Авлигын эсрэг хууль, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2005 оны 12 дугаар сарын 9-ний өдөр буюу Авлигын эсрэг олон улсын өдөр УИХ-ын дарга Ц.Нямдоржид уг хуулийг санаачилсан УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсан бөгөөд өргөн баригдсанаасаа хойш 7 сарын дараа батлагдсан нь энэ юм.
Авлигын эсрэг хууль нь 6 бүлэг, 35 зүйлтэй бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан төрийн тусгай байгууллага-Авлигатай тэмцэх газар ажиллуулахаар заажээ. Энэ утгаараа авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах нь 2006 оны Авлигын эсрэг хуулийн гол зорилго ажээ.
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, тэдний үйл ажиллагаандаа хориглох үйлдлүүдийг тусгасан бөгөөд авлигын 8 төрлийн зөрчлийг дурдсанаараа ач холбогдолтой. Түүнчлэн авлигын тухай мэдэгдэж өргөдөл, гомдол гаргах, мэдээлэл өгөх үүрэг, журмыг хуулиар зохицуулсан байна.
Олон нийтийг соён гэгээрүүлэх болон авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх нийтлэг үүргийг тусгасан төдийгүй төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах, хянан шалгах, нийтэд мэдээлэх, хариуцлага хүлээлгэх үүргийг уг хуулиар нарийвчлан зохицуулсан.
Авлигын эсрэг хуулийн 4, 5 дугаар бүлэгт Авлигатай тэмцэх газрын бүрэн эрх, чиг үүрэг, үндсэн зарчим, бүтэц, байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх журам, албан хаагчид тавигдах шаардлага, хориглох зүйл, улс төр, эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгаа зэрэг асуудлуудыг тусгаж зохицуулсан байна.