Монголын цагаан сар, Хятадын хаврын баяр болж байгаатай холбоотойгоор хоёрдугаар сарын 1-нээс 4-ний өдөр түр зогссон Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ.
Замын-Үүд боомт дээр баярын өдрүүдэд цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулан, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангах, тусгаарлалтын дэглэм сахих ажлууд хийгдсэн байна.
Нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт тус боомтоор 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авсан бол чингэлэг тээвэрлэлт эхэлснээс хойш буюу 2022 оны нэгдүгээр сарын 11-нээс 31-ний өдрийн байдлаар 814 тээврийн хэрэгслээр 1036 чингэлгээр 16280 тн ачаа татан авчээ.
БНХАУ-ын тал цаашид авах уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. Эрээн өртөөнөөс өргөн царигаар манай улсын импортын ачаа, тэр дундаа арматур, ган хийц зэрэг овор хэмжээ ихтэй барилгын материал ачих хүсэлт гаргаад байна юм.