Оросын цэргийн гарамгай жанжин Александр Суворовын хөшөөг Полтава хотын командлагч нураасан талаар Strana.ua мэдээлжээ. Суворовын хөшөөг Украины Үндэсний цэргийн түүхийн музейн салбар болох Полтава дахь хүнд бөмбөгдөгч нисэх онгоцны музейд үзмэр болгон байрлуулсан байсан юм.
Үүнээс өмнө хөшөө Иван Бохуны нэрэмжит Киевийн цэргийн лицей сургуулийн хашаанд байсан бөгөөд хөшөөг буулгах санаачлагыг Украины Үндэсний ой санамжийн хүрээлэнгийн захирал Антон Дробович гаргажээ.
Strana.ua хэвлэл бичихдээ уг хөшөөний ач холбогдол Украин тусгаар тогтнолоо олж авсны дараа алдсан бөгөөд Зөвлөлтийн ухуулга сурталчилгааны нэг хэсэг байсан гэж хэлсэн Антон Дробовичийн үгийг иш татсан байна.
Украинд түүх дурсгалын хөшөөтэй холбоотой ийм асуудал байнга гардаг бөгөөд Киев эх орны хөшөөний шалгуурыг өөрчлөх бодолтой байгаа аж. Мөн өмнө нь Оросын нийслэл Москва хоттой найрамдалт харилцаатай байсныг харуулсан хөшөөг буулгаж байсан юм.