Өнөөдөр Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-н. Энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр. Монголчууд Цагаан сараар гурав хоног амардаг. Үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, бүх нийтийн амралтын өдрийн жагсаалтад оруулсан бөгөөд энэ өдрүүдэд Цагаан сарын шинийн 1, 2, 3 багтдаг.
Бар жилийн хаврын тэргүүн сард Шинийн 3-ны өдөр байхгүй, хоёр Шинийн 4-ний өдөртэй байгаа нь зурхайн ухаанд тэр бүр тохиодоггүй аж. ХНХ-ын сайд Цагаан сарын шинийн өдрүүдээр гурав хоног амарна хэмээн мэдэгдсэн бол Засгийн газар сар шинийн баярын амралтын өдрүүдэд өөрчлөлт оруулаагүй юм.
Ирэх долоо хоногийн хоёрдугаар сарын 7-ноос албан байгууллагуудын ажил эхэлнэ. Харин 14-нөөс сурагчдын хичээл цахим болон танхим хосолсон хэлбэрээр орно. Өнөөдөр Баасан гараг бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.