Бээжинд өнөөдөр эхэлж буй (2022.02.04) Өвлийн олимпийн наадам дипломат бойкотын нөхцөлд зохион байгуулагдаж байна. Хэд хэдэн улс Хятадын Шинжаан мужид уйгурчуудын эрх ашиг зөрчигдөж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын тооцоогоор “засан хүмүүжүүлэх хуаран” хэмээн нэрлэгддэг Шинжааны лагерт байгаа хүмүүсийн ихэнх нь Исламын шашинтай Уйгур үндэстнээс бүрдсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.
BBC Шинжааны хуарангийн экс хоригдлуудад тулгасан эрүү шүүлт, хүчингийн түүхийг өгүүлсэн нийтлэлийг болон Хятадын эрх баригчид хэдэн зуун мянган Уйгурыг Хятад дахь хөвөн тариалангийн талбайд хүнд хүчир хөдөлмөр хийлгэхийг албадан шахаж байгаа тухай мэдээлж байсан.
Хятад улс Уйгуруудад чиглэсэн “дарлал” гэсэн томьёог үгүйсгэсээр ирсэн бөгөөд энд хуаран байгуулсанаа лалын хэт даврагч үзлийг устгах зорилготой хэмээн тайлбарлаж байгаа юм. Тус улсын эрх баригчид 2013 онд Бээжин, 2014 онд Куньмин хотод явган зорчигч болон нийтийн тээврийн зорчигчид руу халдсан халдлагыг салан тусгаарлагч Уйгурын хөдөлгөөн хийсэн хэмээн үзэж байгаа аж.
Харин Барууны орнууд Шинжаан дахь нөхцөл байдлыг геноцид гэж нэрлэж байна. Уйгаруудыг дарангуйлснаас болж АНУ Бээжингийн наадмыг дипломат аргаар бойкотлохоо зарласан. Бодит байдал дээр Америкийн баг тамирчид Олимпийн наадамд оролцох ч албаны хүмүүс болон дипломатууд Өвлийн олимпийг үл тоомсорлож байгаа юм. Үүнээс гадна Холбооны мөрдөх товчоо тамирчдаас цахим аюулаас зайлсхийхийн тулд наадамд хувийн ухаалаг утсаа авч явахгүй байхыг хүссэн байна.
АНУ Бээжин 2022 олимпийг дипломат аргаар бойкотлохоо зарлаад байгаа боловч Хятад улс АНУ-ын шийдвэрийг тоглолтыг бойкотлох шийдвэрийг “улс төрийн заль мэх” гэж нэрлээд Вашингтоныг “спортыг улстөржүүлэхээ зогсоохыг” уриалж байгаа. Мөн Австрали, Их Британи, Канад, Дани улсууд ч бойкотод нэгдэн Олимпод Засгийн газрын төлөөлөгчдөө явуулсангүй. Гэхдээ энэ нь Уйгуртай холбоотой нөхцөл байдлаас шалтгаалаагүй, коронавирусын хязгаарлалтын улмаас гаргаад байгаа шийдвэр аж.
Герман улс олимпийг бойкотлох эсэхээ хараахан шийдээгүй бол Францын эрх баригчид энэ алхамаас татгалзсан байна. Оросын хувьд Бээжингийн олимпийг бойкотлох АНУ-ын санаачлагыг шүүмжилсэн бөгөөд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Олимпийн үйлс, Олимпийн гэр бүл, Олимпизмын үзэл санаанд улс төр оруулахгүй байх”-ыг уриалаал байгаа.
Хэдийгээр цар тахал дахин гарсан ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин наадмын нээлтийн ёслолд биечлэн оролцохоор Бээжинд хүрэлцэн ирнэ.
Олимпийн хотхонд цугларсан тамирчид олон нийтийн өмнө Уйгурчуудыг дарангуйлж байгаагийн эсрэг дуу хоолойгоо хүргэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Олимпийн наадам дээр улс төр, шашин шүтлэг, арьс өнгөний суртал ухуулга үзүүлэхийг хориглосон шийдвэрийг өмнө ОУОХ гаргаж байсан учраас ийм зүйл тохиолдохгүй болов уу гэсэн таамаглал байгаа аж.