АНУ-ын командлал Европ дахь нөхцөл байдал болон Украины ойролцоох ОХУ-ын үйл ажиллагааны улмаас цэргийн нэмэлт хүчээ түр хугацаагаар Герман, Польш, Румынд байршуулна хэмээн Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Тэрбээр “Би зарим асуудлаар маш тодорхой хэлмээр байна. Эдгээр хөдөлгөөнүүд түр зуурынх бөгөөд өнөөгийн аюулгүй байдлын нөхцөл байдалд үзүүлж байгаа хариу үйлдэл юм” хэмээн онцлон хэлжээ. Мөн Кирби “Европт байршуулж буй АНУ-ын нэмэлт хүчин Украин дахь тулалдаанд оролцох зорилгогүй” гээд “Эдгээр хүчнүүд түрэмгийллийг таслан зогсоох, холбоотнуудаа хамгаалах янз бүрийн даалгавар гүйцэтгэхэд бэлтгэгдсэн, тоноглогдсон” гэсэн байна.
CNN өмнө нь АНУ-ын эх сурвалжаас иш татан Ерөнхийлөгч Жо Байден Зүүн Европт АНУ-ын нэмэлт хүчийг оруулахыг албан ёсоор батлахад бэлэн байгаа тухай мэдээлж байсан. Үүнээс гадна АНУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн долоо хоногт бэлэн байдалд орсон 8500 цэргийн албан хаагчийг Европ руу илгээхээр бэлэн байдалд оруулах тушаал өгсөн хэмээн Wall Street Journal сонин мэдээлж байсан юм.