Өнгөрсөн сард Казахстанд хийсэн террорист халдлагууд Төв Азийн орнууд, тэр дундаа Афганистаны гадаадад байгаа дайчид болон Ойрхи Дорнодын дайчдын оролцоотойгоор үйлдэгдсэн хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым- Жомарт Токаев Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишельтэй утсаар ярилцахдаа мэдэгджээ.
Мөн ОХУ-ын Төрийн Думын Олон улсын харилцааны хорооны дарга Леонид Слуцкий Казахстан дахь террористуудын түрэмгийллийн тухай мэдээлэл улам бүр нэмэгдэж, халдлагыг хилийн чанадаас үйлдсэн, тэр дундаа Афганистанаас зэвсэгт дайчид оролцсон мэдээнд анхаарал хандуулж буй тухай дурсчээ.
Гэвч Афганистаны засгийн эрхэнд гарсан “Талибан” хөдөлгөөний орлогч Инамулла Самангани лхагва гарагт Казахстаны хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэх мэдээллийг үгүйсгэж, ялангуяа нэгдүгээр сарын эхээр болсон хэд хэдэн үймээн самуунаас үүссэн Казахстан дахь тогтворгүй байдалд Афганистан хөндлөнгөөс оролцсон гэх мэдээлэл үнэн биш байна” хэмээн жиргэжээ.
Тэрбээр хэд хэдэн хэвлэл мэдээлэл “Казахстан дахь тогтворгүй байдалд зарим афганчууд оролцож магадгүй гэсэн Оросын албаны хүмүүсийн үгийг иш татсан байна. Бид энэ мэдээллийг үгүйсгэж байна. Лалын Эмират улс (Талибанчууд өөрсдийн засгийн газар гэж нэрлэдэг) хэнд ч Афганистаны нутаг дэвсгэрийг өөр улс орныг хохирооход ашиглах, өөр улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй. Энэ бол нотолгоо биш. Афганистаны нутаг дэвсгэрээс ямар ч улс оронд аюул заналхийлэл байхгүй” гэдгийг дахин хэлье хэмээсэн байна.