Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:
“Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Элэг нэгт монгол ахан дүүс ээ!
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Буянт буурлууд, ахмад настнууд маань энх тунх, амар түвшин, идэр залуус нь ухаан хурц, ажил үйлс арвин, хүүхэд багачууд минь эрүүл саруул, эрдэм билигтэй байж сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Монголын Цагаан сар бол монголын ард түмний шинэ жилийн баяр, хүн бүр нас нэмсний баяр, хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж, урган төлжихийн эх, урин хавартай золгож буйн баяр юм.
Монголчууд бид сар шинээр эцэг тэнгэр, эх дэлхийгээ дээдлэн шүтэж, газар нутаг, уул усандаа сүслэн мөргөж, өтгөс буурлуудынхаа алтан сургаал, амин захиасыг дээдлэн сонсож, үгийн сайныг хэлэлцэж, үйлийн сайныг урлаж, өвөг дээдэс, өндөр настнаа хүндлэн золгодог сайхан уламжлалтай ард түмэн билээ.
Монголын Цагаан сар бол Хүннү гүрнээс уламжлан, хүндэтгэн ёсолж ирсэн монгол угсаатны олон зүйлийн зан үйл, ёс заншил, уламжлалт өв соёлыг шингээсэн монгол үндэстний нэн ихэд дээдэлдэг баяр ёслол юм.
Их Монгол Улсын үед Эзэн богд Чингис хаан шинийн нэгний өглөө мөнх тэнгэрт мөргөн, эжийдээ золгож, Хубилай хааны үед хотол олноороо цагаан дээл өмсөж, цайвар зүсмийн морь унаж, цагаан сэтгэлийн бэлгэдэл болгон цагаан хадаг барин золгодог байсан түүхтэй.
Монголчууд сардаа сайн явсан нь мэндлэхэд мэдэгдэнэ, жилдээ сайн явсан нь шинэлэхэд мэдэгдэнэ гэлцдэг.
Тиймээс ураг төрлөөрөө учран золгож, удам судраа хэлэлцэж, аливаа саар бүхнээ хуучин жилдээ орхиж, айлчлан ирж буй шинэ ондоо сэтгэл ариун, итгэл дүүрэн, энх амгалан, элбэг дэлбэг, буян заяа тэгш дүүрэн байхыг бэлгэдэн ерөөж, хотол олноороо сайныг бэлгэшээж, сайхныг ерөөдөг учиртай.
Өвөг дээдсээс уламжлан ирсэн энэ ёс төр нь монгол хүний оюун санааны өвөрмөц өв соёл билээ.
Цагаан сар, Улсын их баяр наадам зэрэг уламжлалт баяр ёслол, зан заншил нь монголчууд бидний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, өв соёл, оюун санааны дархлаа юм.
Монгол хүн, монгол үндэстэн, монголын түүх соёл бол нүүдлийн соёл иргэншлийн давтагдашгүй үнэт зүйлс, дэлхий ертөнцөд ялгарах бидний ондоошил, монголоороо омогшин бахархах эх сурвалж, дундаршгүй баялаг юм.
Морилон ирж буй “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилд Их Монгол Улсыг үүсгэн байгуулагч Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойг орон даяараа тэмдэглэж, мянганы суут Чингис хааны аугаа үйл хэрэг, суу алдар, билиг сургаалыг ард түмэн, үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэн түгээж, дэлхий ертөнцөд мөнхжүүлэн алдаршуулах учиртай.
Монголчууд бид Цагаан сарын баяраа зуд турхан, хүнд хэцүү цаг үед ч зохих ёсоор тэмдэглэн, цагаалах ёс төр, шинэлэх зан заншлаа үйлдэж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн.
Өнөөдөр хэдийгээр амаргүй цаг үе байгаа хэдий ч ард түмнийхээ уламжлалт ёс заншил, Цагаан сарын баяраа гэр бүлийнхээ хүрээнд халуун ам бүлээрээ ёслон тэмдэглэж, зан үйлийн уламжлалт өв соёлын дархлаагаа хадгалан бэхжүүлэх нь зүйтэй юм.
Миний монголын ард иргэд ээ,
Даян дэлхийд тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Улиран одож байгаа “Цөөвөр” хэмээгч Төмөр үхэр жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 74 мянган үр хүүхдээр ам бүл нэмж, монголчууд бид 3 сая 400 мянгуулаа боллоо.
Хэдийгээр дэлхий нийт цар тахалтай тэмцсэн хүнд бэрх цаг үеийг туулж байгаа ч монголчууд бидний хувьд дэлгэр зун, өнтэй өвөл тохиож, мал сүргийн тоо 68 саяар тоологдож, сүүлийн 30 жилд байгаагүй арвин ургац авч, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын төлөө ард түмэн, төр, засаг хамтдаа хичээн зүтгэсэн нэгэн жилийг үдэж байна.
Ирж буй жилдээ монголчууд бид эв эеэ эрхэмлэн дээдэлж, бие эрүүл, сэтгэл өөдрөг, итгэл төгс, эрч хүч дүүрэн байж, хамтын зүтгэлээр хэвийн амьдралдаа эргэн орж, улс орон, ард түмний маань ажил амьдрал дэвжин дээшилсэн сайхан жил болно гэдэгт итгэл дүүрэн байна.
Мянга мянган жилийн түүхтэй нүүдлийн соёл иргэншлийн үнэт өвийг тээж яваа малчин түмэндээ өвлийг өнтэй давж, урин хавартай урамтай золгосны баярын мэндийг мэдэж, тарган тавтай хаваржиж, дэлгэр зунтай золгохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сар шинийн баяраар дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчид, энхийг сахиулах үйлсэд зүтгэж буй эрэлхэг дайчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж, тусгайлан гүн талархал илэрхийлье.
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилдээ морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шигээ өөдөө байж, төр түвшин, түмэн олноороо энх амгалан, элбэг хангалуун, тэгш дүүрэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Тэнгэр шигээ тэнүүн сэтгэлтэй түмэн олон минь айл хотлоороо амар амгалан, аливаа үйлс нь бүтэмж төгс, аз хийморь нь өөдрөг бадрангуй, алс ирээдүй нь гэгээн саруул байж сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадрах болтугай!” гэжээ.