УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Хөгжлийн банкнаас олгосон бүх зээлийг хууль бус мэтээр, бүх зээл зориулалтын бусаар олгогдсон, зарцуулагдсан мэтээр хавтгайруулан харлуулж байна. Ийм гүтгэлгийн чанартай худал мэдээлэл, харлуулах үйл ажиллагаанд намайг зориуд зохион байгуулалттайгаар холбогдуулж байгаа учраас няцаалт хийж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Хөгжлийн банкны тухай хуулийн 5.1-д ”Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой” гэж заасан. Энэ зорилгоос надтай холбогдуулаад буй энэ төсөл огт гажаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.
Миний бие “Вестернхолд” компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. “Вестэрнхолд ХХК”-ийн хэрэгжүүлж буй Ховд-Эко цемент бол хөгжлийн төсөл.
2019 оны тавдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шавыг нь тавьж эхлүүлсэн том төсөл.
Нийслэлээс 1,500-1,600 км алслагдсан баруун бүсэд цемент үеийн үед тэнгэрт хадсан үнэтэй байж ирсэн. Үүнээс болж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил ч, хувийн хэвшлийнхэн, иргэдийн барилга байгууламж өндөр өртөг зардалтай баригддаг.
Энэ асуудлыг шийдэх, цементийн үнийг хотынхтой адил болгож хямдруулах зорилготой хөгжлийн төсөл.
Тэр ч утгаараа Монгол Улсын Урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон сүүлийн хоёр ч засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ зорилт тусгагдсан.
Өнөөдөр тээвэр ложистик, хил боомтын гацаа түгжээнээс болж барилгын материалын үнэ 70-80 хувь өссөн. Инфляцын энэ өсөлтөд барилгын материал, барилга орон сууцны үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байгаа. Энэ үед бид барилгын талх болсон цементээ дотооддоо үйлдвэрлэж байгаа тулдаа харьцангуй бага хохирол амсаж байна.
Цаашдаа бид дан ганц цемент төдийгүй барилгын арматур, шил цонх, бусад дагалдах материалаа бүгдийг нь дотооддоо үйлдвэрлэдэг болох ёстой. Үүнийг л холыг харсан хөгжлийн бодлого гэнэ.
Хамаг байдгаа гаднаас авдаг , импортын үнэнд дарлуулдаг эдийн засгийн хараалаас, хараат байдлаас Монгол Улс ангижрах ёстой. Зээлийн хулгайтай тэмцэхийн оронд жинхэнэ хөгжлийн төслүүдээ хоморгонд нь хэлмэгдүүлж улс орныхоо хөгжлийг гацааж, нурааж болохгүй.
Авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж, хугацаанд нь төлөхгүй, төр, ард түмнийг хохироож байгаа бол тэр гэмт хэрэг. Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээс мултарна гэж эндүүрч байгаа бол тэр гэмт хэрэг.
Хөгжлийн банкнаас авсан, өгсөн зээлийн аль нь хууль журмын дагуу олгогдож, аль нь хулгайн замаар орсныг АТГ, шүүх, прокурор нэн даруй тогтоож асуудлыг хурдан мухарлаж, улсыг хохиролгүй болгоно гэдэгт бүрэн итгэж байна.
Баруун бүсэд барилгын материалын үнийг бууруулах, хэдэн зуун хүн ажил орлоготой, болгож буй цементийн үйлдвэр баригдах ёстой. Мөн Эрчим хүчний хараат байдлаас Монгол Улсыг салгах Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах ёстой, “Үйлдвэрлэл технологийн парк”, “Агро парк” ашиглалтад орох учиртай. Баруун бүсдээ, Ховдодоо томоохон төслүүдийг хэрэгжүүлж “Шинэ Ховд”-ыг цогцлоохын төлөө тууштай зүтгэнэ” гэлээ.
1 comment
Ямар төсөлд зээлийг хэн авсан нь шүүхээр тогтоогдоод үнэн нь илэрч иргэдэд мэдээлэгдэнэ. Чанартай чанаргүй нь хамаагүй зээл авсан л бол төлнө. Мөнгөө инээж авчихаад төлөх болохоор битгий уурлаад бай!!. Зээлээ төлөх чадвартай тэрбумтангуудын баяжих арга нь улсаа худалдсантай адил юмаа. Хувалзнууд минь зээлээ төлнө шүү!!!!. Ард түмжн тэмцэлд бэлэн байгаа шүү !!!!!!!