Монголчууд хүндэтгэлийн тавгаа ул боовоор засдаг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн зэргээс нь хамаараад “Тэдэн улыг өнгөрүүлжээ”, “Тэдэн улыг элээжээ” гэж элээсэн улаа нөхөхийн билэгдэл болгож, ул боовоороо таваг засдаг байна.
Энэ нь элээсэн улаа нөхөж, засаж, дахин ул буюу нас дуудаж байгаа хэрэг. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үедээ “ул элээнэ” гэж ярьдаг байжээ. Хүн танд ил ертөнцөөс бэлэглэсэн махан бие, ясан бие, цусан бие, дотоод гал хий бие буюу сүнсэн бие, гадаад гал хий бие буюу гэрлэн бие байдаг.
Тэгвэл ил ертөнцөөс танд олгосон таван биеийг билэгдэж, ул боовоор таваг засахдаа суурийг нь таван боовоор тойруулан тавьдаг байна. Тавгийн идээний дээш явах үений тоо гэрийн эзний наснаас хамаардаг байна. Дээшлэх нь нас, доод тойрог нь бие байдаг байна.
- Залуу хүмүүс таваар гурван үе явах ёстой. Гурван үеэ үзээгүй хүн гурван үеэ үзэхийн бэлгэдэл болгон таваар гурван үе таваг засдаг учиртай.
- 60-80 хүртэл насалсан хүн таваар таван үе,
- 80-100 хүртэл настай бол таваар долоон үе,
- 100-гаас дээш настай бол таваар есөн үе зассан тавгын идээ тавьдаг байна.
- Хэрвээ гэрийн эзэн одооч болоод удаагүй, өөрөөр хэлбэл гурван жил болоогүй тохиолдолд одоочдоо зориулан таваар есөн үе таваг засдаг. Нэгэнт яваад өгсөн юм чинь гээд хэдхэн боов тавьчихаад сууцгааж болохгүй. Одоочид зассан тэр идээ тусдаа тавигдана.
- Эцгийн явсны дараа гурван жил бүсгүй хүн ул тавихыг хорьдог, цээрлэдэг. Мөн өвчүү тавьдаг. Өвчүү бол хойчийн буй юманд зориулагддаг. Тухайн хүний хүндэтгэлээс хамаардаг. Боломжтой бол хонины өвчүү, боломж бололцоогүй бол хонины өвчүү тавьдаг. Одоочид зориулагдсан тавгаа ширээнийхээ хойморьт засаад зочдоо зална. Гэхдээ энэ одоочид тавьсан хүндэтгэл идээ учраас, хүн хүрэхийг цээрлэдэг.
- Харин хүмүүс маань очоод одоочид буй юм нэмэхийг хүсвэл цагаан идээ нэмдэг. Одоочид зориулсан идээгээ хураагаад хүртдэггүй, амсдаггүй. Түүнийг галын тахилганд өргөдөг. Зассан тавган дотроо дан цагаан идээ байрлуулдаг. Дотор нь гурил будаа хийхийг цээрлэдэг. Яагаад дан цагаан идээ байрлууж байгаа юм бэ? Тухайн цагийн ёс заншил, ахуйн соёл нь өөрөө мал аж ахуйгаасаа хүн ард нь шууд хамааралтай байжээ.