АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Техас мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ “Хэрвээ 2024 онд Ерөнхийлөгчөөр сонгогдвол үймээн дэгдээгчид болон Капитол руу халдсан хэрэгт буруутгагдаж буй хүмүүсийг өршөөнө. Тэдэнд шударга бус хандсан учраас би эдгээр хүмүүст шударга хандана” хэмээн мэдэгджээ.
Мөн Трамп 2022 онд Бээжинд болох Өвлийн Олимпийн дараа эх газар болон Тайванийн хооронд тодорхой өөрчлөлт гарах болно гээд Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааг Хятадтай харилцаа тогтооход чадваргүй хэмээн буруутгажээ.
Трамп “Олимпийн дараа юу болохыг харцгаая, би сайн зөгнөгч, Олимпийн дараа Тайвань, Хятадын хооронд юу болохыг харцгаая. АНУ-ын одоогийн засаг захиргаа өөрийн хилийг хамгаалах зардлыг Украинд зориулж байна. Вашингтонд хүн бүр Украины хилийг хэрхэн хамгаалах талаар санаа зовж байгаа ч яг одоо бидний хувьд дэлхийн хамгийн чухал хил бол Украины хил биш. Энэ бол Америкийн хил бөгөөд бид энэ талаар юу ч хийхгүй байна” хэмээжээ.
Капитол ордон руу халдлага хэргийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагаатай холбогдуулан 700 гаруй хүнийг баривчлан буруутгаж байгаа юм. Жо Байден 2021 оны нэгдүгээр сард болсон Капитол дахь үймээн самууныг төрийн эргэлт хийх оролдлого хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн бөгөөд хэрэг явдлыг “Бүлэглэлийн хүсэл зоригийг тулгах, чөлөөт, шударга сонгуулийг үгүйсгэх, Америкийн түүхэнд анх удаа засгийн эрхийг тайван замаар шилжүүлэхийг зогсоох оролдлого” байсан хэмээн дүгнэж байсан юм.
2021 оны нэгдүгээр сард болсон үйл явдлуудыг үл харгалзан Бүгд найрамдах намд маш их нэр хүндтэй хэвээр байна. Тиймээс Трампыг 2024 онд дахин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож болохыг ажиглагчид үгүйсгэхгүй байна. Үүний зэрэгцээ Жо Байден эрүүл мэндийн хувьд ноцтой асуудал тулгарахгүй бол 2024 онд дахин сонгогдохыг хичээнэ хэмээн мэдэгдээд байгаа аж.