Нийслэлийн МАН-ын 35 дугаар хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Уг хурлаар хотын дарга Д.Сумъяабазарыг улираан томилох эсэх, дүүргүүдийн намын дарга нарыг өөрчлөх, шинэчлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн МАН-ын гишүүд 99.5 хувийн саналаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын даргаар улираан сонголоо.
Тэрээр санал хураалт явуулахын өмнө илтгэл тавихдаа “Миний бие нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсоноос хойш гурван шатны дөрвөн сонгуульд багаа удирдан та бүхэнтэйгээ хамтран амжилттай оролцлоо. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд амжилттай оролцож, нийслэлд нэр дэвшүүлсэн 24 мандатаас 22-т сонгогчдын олонхын дэмжлэг авч, 91.7 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсан. 2020 оны НИТХ-ын сонгуульд “Нийслэлийн хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож, нийслэлд 34, дүүргийн ИТХ-д 200 нэр дэвшигч маань сонгогчдын олонхын санал авсан. 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын 60 хувийн санал авч, итгэл төгс ялалт байгууллаа. Энэ бүхэн хамтын амжилтын маань үр шим билээ” гэсэн юм.