Беларусийн Ерөнхий прокурорын газар “Наша Нива” сонины ерөнхий редактор Егор Мартинович, тус сонины сурталчилгаа, маркетингийн албаны дарга Андрей Скурко нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тэднийг прокурорын байгууллага “Бүлэг хүмүүс урьдчилан тохиролцож, хулгайн шинж тэмдэггүй эд хөрөнгийн хохирол учруулсан” хэрэгт буруутгасан байна. Энэ зүйл ангийн шийтгэл нь таван жил хүртэл хугацаагаар эрх чөлөөг нь хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял оноох гэсэн хоёр төрөл байдаг аж.
Хэргийн материалд дурдсанаар Скурко, Мартинович нар нь хэвлэлийн компанийн албан тушаалтан байхдаа 2017 оны тавдугаар сараас 2021 оны зургадугаар сар хүртэл аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор эдгээр байгууллагын оффисыг Скуркогийн эзэмшлийн орон сууцанд байршуулсан байна.
Үүний зэрэгцээ хариуцагч нар хуулийн этгээдийн тарифаар орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөрийг төлөх гэрээ байгуулаагүй байжээ.
Прокурорын газрын мэдээлснээр шүүгдэгчид эдгээр үйлдлээрээ “Минскэнерго” РУУ болон “Минскводоканал” РМК-д 10 мянга гаруй Беларусийн рублийн хохирол учруулсан бөгөөд Скурко, Мартинович нар энэ мөнгөн дүнг бүрэн нөхөн төлжээ.
“Наша Нива” сонины ерөнхий редактор Егор Мартинович, зар сурталчилгааны албаны дарга Андрей Скурко нарыг 2021 оны зургадугаар сарын 8-нд эдийн засгийн гэмт хэрэгт буруутган саатуулж, цагдан хорьсон юм. Харин энэ оны 1-р сарын 27-нд “Наша Нива” сонины редакцийн багийг Беларусь улсад хэт даврагч бүлэглэл хэмээн үзсэн байна.
2021 оны арваннэгдүгээр сард шүүхийн шийдвэрээр тус сонины Telegram суваг, ВКонтакте, Фейсбүүк, Одноклассники, Instagram, YouTube хаягуудыг шалгасан бөгөөд шалгалтын дараа сонины харилцааг хэт даврагч хэмээн үзсэн аж. “Наша Нива” сонин 1906 онд үүсгэн байгуулагдаж, 1991 онд сэргээгдэж, 1997 оноос хойш интернетэд нийтлэгдэж байгаа юм.