Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчидтай цахим уулзалт хийлээ.
Тэрбээр “Улс үндэстнийхээ нэр төр, ард түмнийхээ бахархал, хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрийн үлгэр жишээ болсон Та бүхэн “Бээжин-2022” өвлийн олимп, XIII паралимпын наадамд өндөр хариуцлагатай оролцож, зорьсон амжилт, тэмүүлсэн зорилгодоо хүрнэ гэдэгт гүнээ итгэж байна. Та бүхнийгээ дэмжиж, би өөрийн биеэр очно.
Монгол Улс өвлийн олимпод амжилт гаргах бүрэн боломжтой. Өмнө нь гаргаж байсан амжилтаа ахиулж, ард түмнээ баярлуулахын ерөөлийг дэвшүүлье. Монгол Улсын Засгийн газраас өвлийн спортыг бодлогоор дэмжиж, материаллаг бааз, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд багагүй ажил хийхээр төлөвлөөд байна” гэлээ.
Энэ үеэр Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц өвлийн олимпод оролцох багийнхантай уулзаж буй Ерөнхий сайдад талархал илэрхийлээд нэгдүгээр сарын 31-ний өдөр баг, тамирчид Бээжин хотыг зорихоор болсныг хэллээ.
Олимпын эрх авсан зарим тамирчин дасгалжуулагчтайгаа Швед улсад бэлтгэл сургуулилалтаа базааж байгаа юм.
Манай улсын баг тамирчид анх “Инсбрук-1964” өвлийн олимпод оролцож эхэлснээс хойш энэ удаа 15 дахь өвлийн олимпын наадамдаа оролцох гэж байна. Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох 3 эрх авсны 2 нь гүйлтийн цана, 1 нь пара цанын төрөл юм. Эдгээр тамирчдад тус бүрд нь 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарсан билээ.
Эх сурвалж: ЗГХМОНХГ