Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах чиглэлээр сонгуулийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон нь хариуцлагын тогтолцоог сайжруулах үр нөлөөтэй байна.
Хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд сонгуульд оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчид нь санхүүжилт, хандив, зардлын зарцуулалтаа олон нийтэд нээлттэй танилцуулж, холбогдох байгууллагад хянуулах үүрэгтэй бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтантай хамтран хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллав.
Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл буюу “Сонгуулийн хууль зөрчих” зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх явцад Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс 138, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс 32 нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, 25, 27 дахь хэсэгт заасан зөрчлийн хэрэгт холбогджээ.
Өөрөөр хэлбэл, сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлэх, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчил үйлдсэн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу торгуулийн шийтгэл хүлээлгэнэ.
Дээр дурдсан зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдээс 44 нь улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон учир тэдгээрт нийт 630 сая төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулжээ.
Харин орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн тухайд одоогийн байдлаар 3 нэр дэвшигч дээр дурдсан зөрчлийн улмаас 30 сая төгрөгийн торгуулийн шийтгэл аваад байгаа бөгөөд зөрчлийн зарим хэрэг шалган шийдвэрлэх шатандаа явж байна гэж Сонгуулийн Ерөнхий Хороо мэдэгдэв.