Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдав. Хурлаар бодлогын хүүг 0.5 нэгжээр өсгөн, 6.5 хувь болгожээ. Ингэснээр Төв банк мөнгөний бодлогын төлөвөө чангалах төлөвт шилжив.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах мэдээллийг өглөө:
-АНУ-ын Төв банкны бодлогын хүүтэй холбоотой гаргасан шийдвэр Монгол шиг хөгжиж буй орнуудад сөргөөр нөлөөлнө. Гэхдээ сайн цаг ирж байгааг илтгэх шинж тэмдгүүд бас байна.
Энэ оны сүүлээр инфляц бидний тооцоолсон хэмжээнд хүрч, 6+-хувь руу буурна. Уг нь жил бүрийн намар, хичээл эхлэхээс өмнө махны нийлүүлэлт өсөж, үнэ нь буурдаг. Харин энэ онд энэ жишгийг давтсангүй. Учир нь 2021 онд ноолуурын үнэ өндөр байсан, хүүхдийн мөнгө гэх мэт халамж тараас, хөл хорио тогтоосон зэрэг нь махны нийлүүлэлтэд нөлөөлөв. Махны үнийн өсөлт саарч байгаа тул удахгүй саарна. Ирэх сард инфляц хамгийн өндөр түвшинд хүрээд, буурснаар энэ сүүлээр бидний төлөвлөсөн хэмжээ рүү буурах хүлээлт байна.
Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан шатахуун нийлүүлэгчдэд нийт 300 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэй олгосон. Зээлийн жилийн хүү 9 хувь. Энэ зээлийг шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор олгосон юм.
Засгийн газраас тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргасныг бид зөв гэж үзэж байна. Сүүлийн 14 сарын турш бодлогын хүү түүхэн доод түвшин болох 6 хувь байв.