А.МИНЖИНСОР
Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа албан тушаалтнуудын үйлдсэн авлига, хээл хахуулийн гэмт хэрэг нийгмийг хамгийн их бухимдуулсан, сонгогчдыг хууран мэхэлсэн том асуудлын нэг болж ирлээ. Иргэд, баялаг бүтээгчид хөдөлмөрлөж олсон хэдхэн төгрөгөө улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу татварт өгч, эдийн засгийн эргэлтийг нуруун дээрээ үүрч ирсэн ч төсвийн хөрөнгийг зөв зохистой эргэлдүүлэх үүрэг хүлээсэн дарга нар татвар төлөгчдийн мөнгийг хувийнхаа түрийвчин дэх хөрөнгө шиг дур зоргоороо захиран зарцуулж, эрх мэдлээ урвуулан ашиглах үзэгдэл тасарсангүй. Энэ удаа улирч байгаа үхэр жилийн дуулиант авилгалын хэргүүдийг тоймлон хүргэж байна.
Ард түмний баатрын авлигын хэрэг
Нийслэл хотын дарга асан Э.Бат-Үүл нь өөрийн эрх мэдлээ ашиглан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаар дамжуулан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ.
Тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзэж зохих ёсны хариуцлага хүлээлгэсэН. Түүнд шүүх 4 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан бол түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох ял оноосон. Түүнчлэн ТОСК-ийн дарга асан А.Гантулгын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасан 5 жил хорих ял оноогоод байна.
Мэргэжлийн хяналтынхны авилгалын хэрэг
Өнгөрсөн он НМХГ-ынхны хувьд авлигын дуулиантай он жилүүд болж өнгөрлөө. АТГ 2021 оны 12-р сарын 1-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газрын дарга М.Баянмөнхийг албандан саатуулсан юм. Тэрбээр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын ажилтан болон Барилга байгууламжийн хяналтийн газрын дарга Д.Жүрмэддоржтой нийлж бусдаас их хэмжээний мөнгөний хахууль авсан нь тогтоогдсон юм.
Үүний өмнөхөн тус байгууллагын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар авлига авсан, мөн Богд хан уулын дархан цаазат бүсэд өндөр үнээр газар зарсан хэрэгт буруутгагдаад байсан юм.
Нягтландаа итгээгүй даргын албан тасалгаанаас олдсон мөнгө
“Эрдэнэс Монгол” ХХК-ны захирал Д. Хаянхярваагийн өрөөнд Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Прокурорын зөвшөөрлийн дагуу 2021.10.18-ны орой ажлын өрөөнд нэгжлэг хийсэн. Нэгжлэг хийх явцад бэлнээр 5-10сая төгрөг 30,000 орчим ам доллар олдсон байдаг. Улмаар түүнийг 10-р сарын 21-ний өдрөөс эхлэн 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. Д.Хаянхярваа энэ талаараа “Би нябо-доо итгэдэггүй учир өрөөндөө мөнгөө хадгалж байсан юм” гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Хэргийг АТГ үргэлжлүүлэн шалгаж байна.
Ж.Пунцагийн хэрэг хэрхэн төгсөх вэ?
УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагт эрүүгийн хэрэг үүсгэж одоо шалгагдаж байгаа билээ. Тэрбээр албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авилгал авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж, 48 цагийн хугацаанд түр саатуулагдаад суллагдсан.
Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хойшлуулашгүй үйл ажиллагаагаар баривчилж давхар мөрдөн шалгасан. Ж.Пунцагт холбогдох үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн бөгөөд уг саналыг үндэслэлтэй байна гэж үзээд байгаа юм.
1 comment
Тэр муу Хаянхярваа жинхэнэ утгаар нь гардуулчаад зүгээр мултарч байгаа юм даа.Бас ч болоогүй авилгад авсан мөнгөөрөө 40 саяын торгуулиа төлчихье гэж увайгүтсэн сураг багаа.