2022 оны Бээжингийн өвлийн Олимпийн наадам хоёрдугаар сарын 4-20-ны хооронд зохион байгуулагдана. Өнгөрсөн ням гаригаас эхлэн Бээжинд Өвлийн олимпийн тосгонууд нээгдэж, тамирчид, гадаадын төлөөлөгчдийг хүлээн авч эхэлжээ. Өвлийн Олимпийн наадам Бээжин, Янчин дүүрэг, Хэбэй мужийн Жанжякоу (Жанчхүүгийн даваа) гэсэн гурван хот, гурван кластерт хуваагдаж явагдах юм байна.
Цах тахлын нөхцөл байдалд зохион байгуулагдаж байгаа учраас Олимпийн тосгонуудыг “хаалттай тойрог” хэмээн бүсчилсэн бөгөөд зохион байгуулагч тал олимпийн байгууламжуудын хооронд шилжих хөдөлгөөнийг хатуу зохицуулалт хийхээр төлөвлөжээ.
Олимпийн тосгон хооронд тусгай автобус зорчих бөгөөд уулын спортын төрлийн тэмцээн зохион байгуулагдах Жанжякоу (Жанчхүүгийн даваа) болон Бээжин хооронд өндөр хурдны галт тэрэг явах аж. Өвлийн олимпийн наадамд 4000 орчим тамирчин оролцоно. Тэд спортын 15 төрөлд 109 багц медалийн төлөө өрсөлдөх юм.