Ачаа тээвэр, карго үйлчилгээ үзүүлэгч байгууллага тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг сайтар шалгаж, баримт бичгийн бүрдлийг хангахыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.
Мөн хилээр хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэхээс зайлсхийх, бараа бүтээгдэхүүн илгээж буй иргэд гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн, хориотой эд зүйлс илгээж хууль, журам зөрчихгүй байхыг анхааруулсан байна. Учир нь улс хооронд тээвэрлэж, илгээж буй ачаа бараанаас гарал үүсэл нь тодорхойгүй, гаалийн бүрдүүлэлтгүй хүнсний бүтээгдэхүүн, амьтны гаралтай хориотой бараа бүтээгдэхүүн илэрч дотоодын болон гадаад улсын хууль тогтоомжийг зөрчих тохиолдол гарч байгаа аж.
Гарал үүсэл нь тодорхойгүй, гаалийн бүрдүүлэлтгүй ачаа, бараа тээвэрлэх, илгээх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд ачаа тээврийн үйлчилгээнд хориг тавих, торгууль ногдуулах, иргэд эд зүйлс, хөрөнгө мөнгөөр хохирох эрсдэлтэйг сэрэмжлүүлж байна.