Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын удирдлагуудтай уулзаж байна.
Уулзалтаар цар тахлын нөлөөнд хамгийн ихээр өртөж байгаа тус салбарынхны өмнө тулгамдсан асуудал, гарц шийдэлд нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай санал солилцож байгаа юм.
Сайд Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээн аваад анхны уулзалтаа аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын удирдлагатай хийж байгаагаа онцлоод, манай улсын хувьд аялал жуулчлалын салбар нь хөрөнгө оруулалт татах боломжоороо уул уурхайн салбарын дараа орох боломжтойг тэмдэглэв. Мэргэжлийн холбоодын удирдлагууд хууль, эрх зүй, төсөв, хүний нөөц, тусгай зөвшөөрөл олголт зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлжээ.
Уулзалтад БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Монголын жуулчны баазуудын холбоо, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо зэрэг 30 гаруй холбооны удирдлага оролцжээ.