Нийслэлийн Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны долдугаар давхрын цахилгаан шатны хаалгаар гурван настай хүү унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Уг осолтой холбогдуулан “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ мэдээлэл хийж байна.
Тэрээр “Манай байгууллагын үндсэн чиглэл нь нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа цахилгаан шатанд хяналт тавьж, гэрээт ААН, СӨХ-ны цахилгаан шатны засвар үйлчилгээг хийн ажилладаг. Өнөөдрийн байдлаар 160 ААН-ийн 70 цахилгаан шатанд засвар үйлчилгээ тавьдаг. Бид зөвхөн гэрээт СӨХ-ны цахилгаан шатын засварлаж, хяналт тавьдаг. Заавал мэргэжлийн лифтчин байх ёстой, сар бүр техник үзлэг хийлгэх хэрэгтэй байдаг ба ингэснээр эрсдэл гарахгүй. Осол гарсан байрны СӨХ-той гэрээгүй ба хоёр жилийн өмнөөс л яригдаж байсан.
Нийслэлд 7000 гаруй лифт байдаг ба НМХГ, барилга хот байгуулалтын яам гээд эрх бүхий байгууллага дүгнэлт үйлдэн хяналт тавин ажилладаг. Цахилгаан шатны аюулгүй байдлын дүрэм гэж бий. Нийтийн орон сууцны дундын өмчлөлийн тухай хуульд тухайн цахилгаан шатыг ашиглагч байгууллага нь эвдрэл гэмтлийг хариуцна гэж заадаг. Тиймээс энэ тохиолдолд СӨХ-ны буруу гэсэн үг” гэлээ.