Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны нэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 94 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 76 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Түүнчлэн эрүүгийн 542 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, хоёр хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 534 хэрэг шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэргийн 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн долоон мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлэв хэмээн АТГ-аас мэдээллээ.