АНУ Европын аюулгүй байдлын чиглэлээр тавьсан саналд өгсөн хариултаа ОХУ-д бичгээр хүлээлгэн өглөө. АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Энтони Блинкен хэлэхдээ, Вашингтон НАТО-гийн нээлттэй хаалганы зарчмыг баримталсаар байгаа ч Москвагаас эвслийг зүүн тийш тэлэхгүй гэсэн баталгаа гаргаж өгөхийг шаардсан гэжээ.
Мөн хэлэлцээр хийх орон зай үлдээхийн тулд АНУ ОХУ-д өгсөн хариултаа текстээр нийтлэх бодолгүй байгааг Блинкен тэмдэглэжээ. АНУ-ын Төрийн департаментын тэргүүн лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр “Асуудал Орос ямар хариу өгөхөөс шалтгаална. Бид нөхцөл байдлын аливаа хөгжилд бэлэн байна. Бид дипломат ёсыг илүүд үздэг” хэмээн мэдэгджээ.
Түүний хэлснээр Вашингтоны хариуд Оросын албаны хүмүүстэй хэлэлцээ хийсний дараа АНУ-ын дипломатуудын хэлсэн зарим санал багтсан байна. Тодруулбал, цөмийн зэвсгийн зохицуулалт, цэргийн сургуулилт, довтолгооны зэвсгийг байрлуулах талаар ил тод байдлыг нэмэгдүүлэх асуудал хөндөгджээ.
Уг баримт бичгийг Украин болон Америкийн НАТО-гийн холбоотон орнуудтай тохиролцсон гэж Төрийн департаментын тэргүүн онцлоод “Энэ бол албан ёсны хэлэлцээний баримт бичиг биш. Мөн шууд санал ч биш, хэрвээ бид асуудалд нухацтай хандвал хамтын аюулгүй байдлыг хэрхэн бэхжүүлэх талаар зарим санааг тусгасан байгаа” хэмээжээ.