Парис хотноо гуравдугаар сарын 18-ны өдөр болох Artcurial дуудлага худалдаагаар Монголын төрийн тэргүүний унаж байсан ЗИЛ-114 лимузинг худалдана гэж mag.auto.ru мэдээлжээ. Машиныг 1967 онд үйлдвэрлэсэн бөгөөд БНМАУ-ын төрийн тэргүүнд зориулагдсан аж. Лимузин ховор, эрт үеийнх ч гэлээ харьцангуй багаар буюу 40-60 мянган еврогоор үнэлэгдсэн байна. Ийм үнэтэй байгаа нь машины техникийн байдалтай холбоотой аж. Учир нь тухайн машин сүүлийн арав гаруй жил огт хөдөлгөөнгүй зогсоосон байна.
Сонирхуулахад ЗХУ-ын Лихачёвын нэрэмжит үйлдвэрт 1967-1978 оны хооронд ЗИЛ-114 загварын 113 машин үйлдвэрлэжээ. Эдгээр машинуудыг 7,0 литрийн багтаамжтай найман цилиндрт хөдөлгүүрээр тоноглодог байсан гэнэ. Лимузин 190 км/цаг хүртэл хурдлах чадвартай ажээ.