ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Оросын ШУА-ийн Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал А.А.Канарскийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд манай улстай хамтран ажиллах, тэр дундаа хоёр орны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлж, мод тарихтай холбоотой боловсон хүчнийг ОХУ-д бэлтгэх судлаачдыг чадавхижуулах талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа А.А.Канарский уулзалтын үеэр илэрхийлэв.
ШУА-ийн ерөнхийлөгч хамтран ажиллах саналыг хүлээн авч тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдыг ШУА-ийн харьяа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран ажиллаж судалгаа шинжилгээний ажил явуулах боломжтой гэв.
Тэд уулзалтын хүрээнд Орос-Монголын хамтарсан мод үржүүлгийн газар байгуулах, энэ чиглэлээр хамтарсан ажлын хэсгийг ойрын үед байгуулж ажиллахаар тохиролцлоо.