Алма-Ата хотын Турксиб дүүргээс төрийн байгууллагад халдлага үйлдсэн таван этгээдийг саатуулсан гэж хотын Терроризмтэй тэмцэх шуурхай штабаас мэдээлжээ. Тус штаб дүүргийн нутаг дэвсгэрт 1-р сарын 26-ны 00.00 цагаас 1-р сарын 27-ны 00.00 цаг хүртэл терроризмын эсрэг ажиллагааны дэглэмийг зарласан байна.
Энэ арга хэмжээний үеэр 1-р сарын 4-6-ны өдрүүдэд тус хотод төрийн байгууллага, худалдааны байгууламжийг дээрэмдэх ажиллагаанд оролцсон зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн удирдагч, гишүүд болох таван этгээдийг саатуулсан. Сэжигтнүүдээс баривчлах явцад ПМ, ТТ маркийн гар буу, зүсмэл буу, түүнд зориулсан сум гэх мэт зэвсэг болон нунтаг бодис, өвөрмөц үнэртэй шахмал эм зэргийг хураан авчээ.