Коронавирус, цар тахлын улмаас сүүлийн хоёр жилд нойргүйдэл газар авчээ. Үүнийг тоо баримт батална. Ковид-19-өөс хойш дэлхий даяар нойргүйдэл 35%-аар нэмэгджээ. Цар тахлын улмаас дэлхийн хүн амын 50-70%-ийнх нь нойрсох цаг, хуваарилалтад өөрчлөлт орсон гэдэг судалгаа ч байдаг. Тиймээс хэрхэн хурдан нойрсох, яавал илүү сайн, бөх унтах арга замыг эрэлхийлэх болов. Тэдгээрээс “Цэрэг унталт” хэмээх арга, техник тренд болжээ. Энэ аргаар ердөө л хоёр минутын дотор дугжраад өгдөг аж. Үр дүн нь 96%-тай. TikTok дээр 1.7 сая дагагчтай фитнесийн дасгалжуулагч Жастин Агустин одоогоор өндөр үр дүнтэй байгаа “Цэргийн арга”-ыг зааж байна.
Дараах энгийн дөрвөн дүрмийг баримтлахад та тун сайхан амарч, эрч хүчтэй сэрнэ. Эхлээд нүүрний булчингуудаа сулруулж тааваар нь орхино. Эрүү, хэл, нүдний эргэн тойрны булчингаа дараа нь мөрөө сул унжуулж, гараа алдлан дэлгэж амраана. Тэгээд амьсгаагаа гаргаж цээжээ суллаад, эцэст нь хөлөө сунган сул хаяна. Ингээд ямар ч давлагаагүй далайд завин дээр хэвтэн цэлмэг хөх тэнгэрийг ажиглаж байгаа, эсвэл хав харанхуй өрөөнд цэнхэр өнгийн дүүжин орон дээр хэвтэж байгаагаар төсөөлбөл бүр сайн гэнэ.