2018 онд АНУ-ын цагдаагийн дэслэгч Брайан Зак гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хүлээн авч, нэгэн айлд очжээ. Тэр айлд бяцхан охины биеийг энд тэндгүй хөх няц болтол нь зодсон байж. Охиныг яаралтай эмчид үзүүлэхэд тархины яс цуурч, тохой нь мултарсан байгааг тогтоожээ. Эцэг эх нь хоёр настай охиноо байнга зодож, тамласаар ийм хэмжээнд хүргэсэн байж. Брайан Зак охиныг эмнэлэгт хүргэж өгснийхөө дараагаар эхнэртээ болсон явдлын тухай ярьж, охиныг үрчилж авахыг хүсэж буйгаа хэлсэн байна. Эхнэр нь ч дуртайяа хүлээн авчээ.
Шүүхээс охиноо байнга зоддог эцэг эхийнх нь эцэг эх байх эрхийг хасаж, ойрын хамаатнаас асран хамгаалах хүн хайсан ч олдоогүй гэнэ. Ингээд шүүх Брайан Зак болон түүний гэр бүлд Кайла охиныг үрчлэн авахыг зөвшөөрчээ. Тэр явдлаас хойш эдүгээ дөрвөн жил өнгөрч, Кайла охин Закийг аав гэж дууддаг, харин Закийн эхнэрийг ээж гэж дууддаг болжээ. Одоо зургаан настай Кайла охин хайранд умбаж, аз жаргалтай, цовоо цолгиун өсөж байгаа гэнэ. “Тэгэхэд би охиноо очиж авраагүй бол маргааш нь ч үхчихэж магадгүй байсныг бодохоор айдас төрдөг” гэж Зак ярьсан байна. Закийн сайхан сэтгэлийг цагдаагийн бие хамт олон нь ч магтан сайшааж, бахархдаг ажээ.