Засгийн газар 2021 оны 12 сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн чиглэлийн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг солилцох талбайгаас Замын-Үүдийн гаалийн хяналтын талбай хүртэлх чингэлэг тээвэрлэлтэд зориулан 3 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг гаргаж байв. Энэ мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана хэмээн онцолж байсан юм.
Эрээн боомтоос ачаа тээвэрлэх явц өнөөдөр үндсэндээ 3 үе шаттай явагдаж байна. Эрээнээс хоёр улсын хилийн ачаа бараа солилцох 0 цэг хүртэлх ачаа тээшийн хөлсийг Хятадын талаас Монгол руу ачаа илгээж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүс төлж байгаа. Харин 0 цэгээс Замын-Үүдийн терминаль хүртэл 14 км ачааг Засгийн газраас томилогдсон Шадар сайд С.Амарсайханаар тэргүүлсэн Ажлын хэсэг хариуцаж байгаа. Замын-Үүдийн терминалаас Улаанбаатар хүртэлх ачааны мөнгийг Улаанбаатарт бараа хүлээн авч байгаа компани төлж байгаа юм.
Өнөөдөр (2022.01.25) Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Хилийн боомтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх үеэрээ “Замын-Үүдийн тээвэр зохион байгуулалттай холбоотой найман тэрбум төгрөгийн зардлыг улсын төсвөөс гаргаж байна. Энэ зардлыг төрөөс гаргаж байгаа нь бараа татварын үнийг өсгөхгүй байх бодлого” хэмээн мэдэгдлээ.
Өмнөд хөршөөс Улаанбаатарт ирж байгаа ачаа бараа Хятадаас илгээгч байгууллага, Монголд хүлээн авагч байгууллага болон Төрийн зохицуулалт гэсэн гурван дамжлагыг дамжин ирж байгаа. Гэвч Засгийн газрын Ажлын хэсэг 2021 оны 12 дугаар сард төсөвлөсөн 3 тэрбумын задаргаа, энэ хэмжээний хөрөнгийг юунд захиран зарцуулж байгаа вэ гэдгээ тайлагнаагүй, албаныхан энэ талаар асуусан хэвлэлийнхний асуултад ч тоймтой хариу өгөхөөс таталзаж, асуултаас бултаж ирсэн юм.
Засгийн газар хил дээр 200 жолооч ажиллуулж байгаа. Тэдгээр жолооч нарын цалин хөлс, хоол унд болон 14 км автозамыг даван туулах шатахуун, автомашины элэгдэл хорогдол нийлээд 3 тэрбум болж байна гэж тооцвол энэ нь хэтэрхий хөөсөрсөн үнэ болно. Гэтэл энэ хөрөнгө харин ч бүр сар хүрэхгүй хугацаанд хэд дахин өсөж 8 тэрбум төгрөг хүрсэн боловч яг хаана, юунд зарцуулагдаж байгаа вэ гэдэг нь мөн л тодорхойгүй байна.
Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд ачаа тээшний татан авалт харьцангуй сайжирсан ч зах зээлд бараа таваарын үнийн өсөлт буугаагүй хэвээр байна. Тиймээс Шадар сайдаар ахлуулж байгаа ажлын хэсгээс Засгийн газрын нөөц хөрөнгөөс гарч байгаа 8 тэрбум төгрөг юунд зарцуулагдаж байна вэ гэдгийг асууж, хариулт авах цаг нь болжээ.
–