Буркина Фасогийн цэргийнхэн засгийн эрхийг булаан авч, Ерөнхийлөгч Рока Каборег түлхэн унагаснаа зарлав. Тус улсын Засгийн газар, парламентыг татан буулгаж, хилээ хаасан тухай армийн офицеруудын нэг нь улсын телевизээр мэдээлжээ.
Ерөнхийлөгч Каборе одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа ч төрийн эргэлтийн үеэр баривчлагдсан бүх хүмүүс аюулгүй орчинд байгаа гэж цэргийнхэн мэдэгджээ. Зарим мэдээллээр тэднийг нийслэлийн хуаранд байлгаж байж магадгүй байгаа аж.
Буркина Фасо улсын нийслэл Уагадугу дахь цэргийн хоёр хуаранд ням гаригийн өглөө хүчтэй буун дуу сонсогдсон талаар орон нутгийн RFI радио станц мэдээлж байсан юм. Буун дуу гарсан газрын нэг нь 2015 онд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр ял сонссон генерал Диендерегийн хоригдож буй шорон байсан аж. Цэргийн эргэлт нийслэлд цэргийн хуаранг булаан авч гал нээсний маргааш болсон байна