Японы өмнөд хэсгийн Такашакияма Байгалийн амьтны хүрээлэн нэртэй дархан цаазат газар идээшдэг макака сармагчны сүрэгт нэгэн өвөрмөц явдал тохиожээ.
Якеи нэртэй, 9 настай залуу эм сармагчин 677 тоо толгойтой сүргийн тэргүүн болж, дархан цаазат газарт сүүлийн 70 жилд байгаагүй үзэгдэл болсон аж. Засаглалын төлөө тэрбээр эхийгээ, мөн 4 эрэгчнийг ялжээ. Якеигийн хамгийн том ялалт нь сүүлийн 5 жилд сүргээ удирдсан 31 настай эрэгчин Нанчуг ялсан явдал байлаа. Гэхдээ түүний засаглал мөдхөн унах эрсдэлтэй байна. Учир нь орооны улирал эхэлсэн болохоор түүний араас гүйсэн эрэгчин сармагчин буюу 18 настай Луффи тэргүүлэх байр сууринаас нь түлхэн унагаж болзошгүй болжээ. Японы макака сармагчнуудад эрх мэдлийн төлөөх тэмцэл хэвийн үзэгдэлд тооцогддог. Гэхдээ эм сармагчин сүргээ удирдах нь маш ховор үзэгдэл гэж Японы шинжлэх ухаанд туслах нийгэмлэгийн эрдэм шинжилгээний ажилтан Ю Кайгайши мэдэгджээ.
Японы макака сармагчнууд шаталсан захирах хэлбэртэй. Илүү өндөр зэрэглэлийн амьтад нь хоол хүнс сайтай байхаас гадна үржилд орох эмэгчнээ өөрөө сонгодог. Харин эм сармагчны зэрэглэл эхийнхээсээ доор байдаг. Заримдаа макака сармагчнууд сүргийн засаглалыг хүчээр булаадаг ч энэ асуудалд эрэгчингүүд л ихэвчлэн оролцдог. Тэгвэл эм сармагчин сүргийн манлай болсон нь эрдэмтдэд гэнэтийн үзэгдэл болж байна. Уг сармагчин хаан ширээнд заларсныхаа дараа эршүүд байдалтайгаар биеэ авч явах болжээ.