МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскиг өчигдөр /2022.01.20/-нд хүлээн авч уулзжээ.Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Унгарын ЭСЯ-ны Гадаад худалдааны атташе Фөлүп Жигмонд нар байлцсан байна.
Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Элчин сайд хатагтай Борбала Анна Обрушанскитай 2021 оны 1 дүгээр сард уулзсаны дараа 6 дугаар сард Унгар Улсад ажлын айлчлал хийж, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, бусад байгууллага, компаниудтай уулзаж, ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн алхмуудын талаар туршлага судалсан талаараа дурдлаа.
Энэ үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон юм. Тухайлбал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, хотын авто зогсоолуудын менежментийг сайжруулахад Унгар Улсын компанитай хамтран ажиллах, тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, танхимын хууль эрх зүйн орчны талаар болон бусад асуудлаар харилцан туршлага солилцох, газрын гүний эрчим хүч, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологийн барилгын материал, пассив хаусын технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх талаар тус тус санал солилцлоо.
Уулзалтын дүнд дээрх асуудлуудыг ажил хэрэг болгон, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны хугацаатай төлөвлөгөөг гаргаж ажиллахаар харилцан тохиролцсон гэж МҮХАҮТ-аас мэдээлэв.