Илэрхийлэл, ялгарал, бэлгэдэл… Ямар ч зорилгоор бүтээсэн, зүүсэн, сонгосон бай гоёл гэдэг ямарваа нэгэн агуулга, хэлбэрийг олж, онцгой содон, эсвэл жир замыг туулдаг биз ээ. Бөгж, ээмэг, зүүлтүүд бидний харж дассанчлан нэгэн хэвийн бус, тэс өөр илэрхийлэлтэй, басхүү түүнийг шил, мод, хуванцар, шавар, төмөр хайлш, чулуу зэрэг ямар ч эд, материалаар бүтээж болохыг Төрийн соёрхолт уран бүтээлч С.Саранцацралтын “Out of comfort zone” үзэсгэлэнгээс тольдож болно.
Энэхүү үзэсгэлэнд тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд урласан 700 орчим бүтээлээ толилуулж буй бөгөөд уламжлалт хэвшмэл ойлголт, загвараас хальсан, өнгөрсөн ба ирээдүй, уламжлал болон шинэчлэлийг шингээсэн гоёл-урлагийг дэлгэжээ.
“Зүүлт, бөгж зэрэг гоёлыг зөвхөн чимэглэл мэт хардаг ч, үнэндээ бол биеийн чинь аль хэсэгт байрласнаас хамааран хүчирхэг байж болдог. Юуг, хаана зүүхээс хамааран энэ нь эзнийхээ хувь чанарыг тодотгон, илэрхийлж болдгийг харууллаа. Таны биеийг санаанд оромгүй байдлаар залан чиглүүлж, хувиргах гоёлын болон зүүдэг баримлан бүтээлүүд гэж ойлгож болно.
Энд дэлгэсэн ээмэг, бөгж, зүүлт бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй хэлбэр, агуулга, бэлгэдэлтэй. Үүгээрээ илүү өвөрмөц, үнэ цэнийг нь тодорхойлж болно. Түүнээс гадна ямар материалаар, хэрхэн хийсэн үйл явц, гоёлыг бүтээгч уран бүтээлч, түүнийг зүүгч хоёрын хооронд ямар нэгэн харилцаа үүсэж байгаа нь илүү чухал юм” гэж үзэсгэлэнгийнхээ талаар уран бүтээлч хуваалцсан.
Энгийн төмөр утас, хайлш, чулуу, модыг байгалийн сувд, алт, үнэт чулуу, болортой хослуулан, өвөрмөц хэлбэр, өнгийг, дахин давтагдашгүй илэрхийлэл, мэдрэмжийг цогцлоосон гоёл-урлагийн “Out of comfort zone” үзэсгэлэн ХААН Банк цамхагийн 3-р давхарт байрлах ХААН галерейд энэ сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх тул та бүхнийг хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна. Галерей ажлын өдрүүдэд 10:00–18:00, амралтын өдрүүдэд 11:00–16:00 цагт нээлттэй ажиллана.