НӨАТ-ын буцаан олголтоосоо автомашиныхаа татвараа шимтгэлгүй төлөх боломжтой болсон талаар Татварын ерөнхий газраас мэдээлжээ.
Татварын алба иргэдийн татвар төлөхтэй холбоотой зардал, цаг хугацааг хэмнэн цахим төлөлтийн системийг үе шаттай нэвтрүүлсээр ирсэн. Үүний дүнд 2021 онд авто автомашины татвар төлөгчдийн 70 хувь нь цахимаар төлсөн байна.
Өнгөрсөн 2021 оны III улирлаас ebarimt-аасаа төлөх боломжийг бүрдүүлснээр 26,696 иргэн буцаан олголтоороо 257,1 сая төгрөгийн татварыг ebarimt аппликейшнээр төлжээ. Энэ удаагийн 2021 оны IV улирлын буцаан олголтоосоо төлөх боломжтой 210,000 иргэнд ногдох 6.2 тэрбум төгрөгийн татвар байгаа аж.
Иймд эдгээр иргэдэд ebarimt-руугаа ороход “Автомашины татвараа төлөх үү” гэсэн сонордуулга ирсэн байх бөгөөд “Тийм” товч дарснаар илүү хялбараар төлөх боломжтой юм.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн дагуу 2021 оны байдлаар татварын албанд Авто тээврийн үндэсний төвөөс 557,537 татвар төлөгчийн 1,144,796 тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээлэл ирүүлсэн бөгөөд татварын алба бүртгэлд ногдох тээврийн хэрэгслийн татварт жилдээ 43,3 тэрбум төгрөгийн татварыг тухайн орон нутгийн төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй ажилладаг байна.
[fbvideo link=”https://www.facebook.com/watch/?v=2486500551483860″ width=”500″ height=”400″ onlyvideo=”1″]