Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр (2022.01.19) Тавантолгой түлш ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт очиж, үйлдвэрийн технологийн дамжлагатай танилцсан байна. Энэ үеэр Б.Бат-Эрдэнэ тус компанийн үйл ажиллагааны талаар компанийн удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгчээ.
Б.Бат-Эрдэнэ: “Зүүн бүсийн үйлдвэртэй танилцлаа. Нийгэмд үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор хариулт өгөх шаардлагатай гэж үзэж байна.
Ялангуяа мэргэжлийн хяналтын байгууллагаас шахмал түлштэй холбоотой стандартыг үнэхээр барьж байгаа эсэх болон горимын алдаа гарч байгаа дээр нэг мөр хариулт өгөх шаардлагатай. Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн албан хаагчидтай холбоотой асуудлуудыг яаж шийдэх ёстой зэрэг хэлэлцэх зүйлс байгаа.
Баруун бүсийн үйлдвэр хамгийн анхны үйлдвэр. Зүүн бүсийн үйлдвэр нь тус үйлдвэрийг бодоход харьцангуй цэвэрхэн байна. Баруун бүсийн үйлдвэрийн ойр орчимд нь амьдарч буй айл өрхүүд тоос тортогт нэрвэгдчихсэн амьдарч байна.
Өнгөрсөн 2020 онд Баруун бүсийн үйлдвэрийг шилжүүлэх асуудал яригдсан ч 2021 онд шилжүүлж амжаагүй. Тэнд ажиллаж амьдарч буй албан хаагчид ялгаа байхгүй бидний монголчуудын нэг.
Тэдгээр хүмүүс эрүүл мэндээрээ ийнхүү хохирсон байдалтайгаар ажиллаж, амьдраад баймааргүй байна. Манай Байгаль орчин аялал жуулчлалын яам иргэн бүрийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах ёстой. Ялангуяа энэ орчны бохирдолтой холбоотой асуудлууд. Эдгээрт цогц шийдвэрүүд гаргаад явах ёстой гэж үзэж байна.
Хэвлэл мэдээллээр ч бас олон нийтийн шүүмжлэл дагуулсан асуудал байгаа. Нөгөө ороолт шатаасан асуудал байна. Үүнийг юу гэж харж буй гэхээр иргэд рүү буруу өгөхөөсөө илүүтэйгээр тодорхой хэмжээнд төр өөрсдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дээрээ анхаарах ёстой.
Иргэдийн хэлж байгаа гол асуудал бол түлшийг асаахад хэцүү, заавал мод тавьж асаадаг. Тэгэхээр зүүний үйлдвэрийн хажууд дахиад шинэ үйлдвэр барихдаа асаагуурыг хамтад нь үйлдвэрлэх хэрэгтэй. Үүнийг бас бид шийдвэрлэх ёстой. Амжиргааны түвшин доогуур айлууд байна. Энэ асуудлыг судлаад Үндэсний хорооны хурал дээр танилцуулах хэрэгтэй.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Засгийн газраас баталж өгсөн тодорхой хэмжээний улсын төсвүүдтэй. Энэ төсвүүдийн хүрээнд шийдвэрлэх ёстой асуудлуудыг бид дор дор нь шийдвэрлээд явна.
Хоёрдугаар сарын 15-аас “Цагаан сар” өнгөрөөгөөд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хэсгийг байгуулан дэд сайд ахлахыг үүрэг болгож байна. Одооноос ирэх өвлийн бэлтгэл ажил руу орох зайлшгүй шаардлагатай.
Нийслэлийн захиргаанаас баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой тодорхой шийдэл гарахгүйгээр дөрвөн сарын хугацаа алдсан. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд таваас зургаан сарын хугацаа зарцуулна. Шинээр баригдах үйлдвэрт ямар нэгэн технологийн алдаа гаргаж болохгүй, зүүн бүсийн үйлдвэрт хатаахтай холбоотой технологийг засаж сайжруулах хэрэгтэй. Баруун бүсийн үйлдвэрийг шилжүүлснээр ойр хавьд нь ажиллаж амьдарч буй иргэдийн асуудал ч бас шийдвэрлэгдэнэ гэж харж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ойн нөөцийн тогтвортой менежментийг хангах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр “Тавантолгой түлш” ХХК “Эрдэнэс тавантолгой”-той хамтран ойжуулах төслийн ажилд оролцох шаардлагатай. Ялангуяа баруун бүсийн үйлдвэрийн орчныг моджуулах, боломжоороо төгөл үүсгэх ажлуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийгээрэй. Энэ бол та бүхний зайлшгүй хийх ёстой ажил.
Аль аль талдаа асуудлуудаа яриад алдаагаа шийдвэрлэмээр байна. Бие биенийгээ хуураад яваад байж болохгүй. Нөгөө талдаа тулгарч буй асуудлыг шийдвэрлэхгүй, алдаагаа залруулаагүйгээс үүдэлтэй дараа дараагийн хортой үр дагаврууд үүснэ. Шийдвэрлэх ёстой асуудлуудыг ямар ч айдас, санаа зоволтгүйгээр шийдвэрлээд явах ёстой. Төр өөрөө зохицуулалтын хэлбэр дээр ажилладаг. Бид үүргээ биелүүлэх ёстой. Ард иргэд рүүгээ буруу чихээд суугаад баймааргүй байна” хэмээн ярьсан байна.