Барилгын материалын худалдаа эрхлэгчдийн уулзалт өнөөдөр болж салбарт тулгамдаж буй асуудлуудыг холбогдох байгууллагуудын төлөөллүүд ярилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдвэрийн талаар хэлэлцлээ.
Уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо “Барилгын материалын салбарынхан дор бүрнээ сайн ажиллаж 2021 оныг даван туулсан нь тоо баримтаар харагдаж байгаа. Яамны зүгээс ипотекийн зээлд санхүүжилтийн дэмжлэг үзүүлээд нэг их наяд төгрөгийг нийлүүлэлт талд гаргасан.
Цаашид хил гаалийн гацаа үргэлжлэх төлөвтэй байна. Учир нь Эрээнд Омикрон хувилбар гарч байгаа. Эрээний хил гаалийн талбай дээр манай 985 чингэлэг ачаа байгаа. Засгийн газраас 400 орчмыг нь ойрын өдрүүдэд татаж, арав хоногоос үлдсэн 500 гаруй чингэлгийг татахаар ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч нөхцөл байдал энэ чигээрээ байх эсэх нь тодорхой бус байгаа тул бид нөхцөл байдалтай уялдуулан ажиллах гаргалгаа гаргах ёстой.
Тухайлбал, 2022 онд хэр хэмжээний нэр төрлийн бараа материал орж ирэх вэ гэх мэт мэдээллүүдийг төр хувийн хэвшилтэйгээ хамтраад нэгтгэх хэрэгтэй гэж БХБЯ-наас үзэж байна” хэмээв.
Барилгын материалын худалдааны тулгамдаж буй асуудлаар Барилгын ханган нийлүүлэлтийн зөвлөл ТББ-ын тэргүүн н.Батсүх “Барилгын материалын худалдааны нөхцөл байдлын тухайд хэлэхэд бодлогын зохицуулалт хэрэгжилтгүй. Зуун айл худалдааны төвд өнөөдөр 1990 оны ганзагын худалдааны арга барил зонхилсон хэвээр байна.
Тулгамдсан асуудлын тухайд гэвэл чанарын хяналт байдаггүй, худалдаа эрхлэгчдийн нэгдсэн мэдээлэл байхгүй, гаалийн мэдээллүүд нь бодит бус ба үнэ тариф өндөр, худалдаачдын ажлын орчин нөхцөл муу, чанаргүй, дуураймал барилгын материал их хэмжээгээр импортоор орж ирж байна. Мөн гадаад тээвэр ложистикийн асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн. Хятадын хогийг оруулж ирдэг цөөхөн улсын нэг нь монгол.
Мөн барилгын материалын худалдааны зах зээл дээр өрсөлдөөний тэгш бус байдлууд байдаг. Шударгаар албан ёсны импорт хийж орж ирэхээр татвар төлдөг атлаа хохирдог, ченжүүд нь татвар төлдөггүй. Гэхдээ мөн л хохирдог юм билээ.
Түүнчлэн барилгын материалын худалдааны газруудын дийлэнх нь стандарт бус байдаг. худалдаа эрхэлдэг хүмүүс эрүүл аюулгүй орчинд байх хэрэгтэй.
“Зуун айл” худалдааны төвд хамгийн олон барилгын материалын худалдаа эрхлэгчид буюу 1,600 павильон, 6,000 хувь иргэн худалдаа эрхэлдэг. Худалдааны төвүүдийг харахад ихэнх нь түрээсээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үнэ нь жилээс жилд өсөж байна. Гэвч түрээслэх түрээсийн байр хомс. Зуун айлд хоёр метр павильоны шагийн үнэ нь 20 сая төгрөг. 20 мкв павильон том худалдааны төвүүдэд байрлалаасаа хамаараад 60-80 сая төгрөг байх жишээтэй. Иймээс,
- Барилгын материалын худалдааны бодлоготой болох
- Барилгын материалын импортлогчдыг бүртгэх
- Хууль эрх зүйн орчныг сайжруулах буюу тохирлын гэрчилгээтэй барилгын материал импортлох
- Худалдаа эрхлэгчдийн ажлын байрыг сайжруулах
- Тээврийн асуудлыг шийдвэрлэх шийдлүүдийг санал болгож байна” хэмээв.