УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Инновац, цахим бодлогын байнгын хороо нийт найман удаа хуралдаж чуулганы нэгдсэн хуралдаанд 5 хуулийг бэлдэж батлуулсан.
Ингэснээр төрийн цахим шинэчлэлтийн эрх зүйн орчныг нээж өгсөн. lawmaker, Lawforum зэрэг бие даасан платформыг байгуулсан.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль баталснаар 5 төрлийн 68 мэдээлэл олон нийтэд нээлттэй болсон. Энэ 68 төрлийн мэдээллийг төрийн байгууллагууд ил тод мэдээлж мэдээллээ байнга шинэчлэх үүрэг хүлээсэн.
Хувь хүний мэдээллийг хамгаалах хуулиар мэдээлэл эзэмшигч талаас гадна мэдээллийг цуглуулагч тал хариуцлага хүлээдэг болсон. Мөн хуулиар хувь хүний эмзэг мэдээллийг хамгаалдаг болсон.
Эдгээр хуулиуд тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ба үүнээс өмнө хуулийг дагаж мөрдөх журмыг нь боловсруулна. Зар сурталчилгааны хуулийн дагуу бүх төрлийн койныг олон нийтэд сурталчлах, олон нийтийн үйл ажиллагааг ивээн тэтгэхийг хориглосон. Тиймээс олон нийтэд сурталчилж байгаа зүйлээ зогсоох шаардлагатай. Санхүүгийн зохицуулах хорооны журмыг үндэслэн одоо үйл ажиллагаа явуулж буй биржүүд бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв бирж шаардлага хангахгүй түүнийг бүртгэхгүй бол арилжаалагдаж байсан койнууд бусад бирж рүү шилжих боломжтой.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд уг үйлчилгээ үзүүлэгч нь бүртгүүлсэн байх шаардлагатай. Үйлчилгээ үзүүлэгч компани дотоод мэдээллээ ашиглан хууль бус наймаа хийвэл эрүү болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ.
Мөн арилжаанд хууль бусаар оролцож үнэд нөлөөлбөл хариуцлага хүлээнэ. Мөн хуулиар технологийн шаардлага тавьсан. Энэ хууль нь койн авсан хэрэглэгчдийг хамгаалах бус үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэлжүүлэх зорилготой.
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Кибер аюулгүй байдлын хуулийн дагуу кибер аюулгүй байдлын зөвлөл үүснэ. Үүний тэргүүн нь Ерөнхий сайд байна. Мөн Тагнуулын ерөнхий газрын дэргэд Үндэсний төв байгуулна. Уг төв нь кибер нууцыг баримталдаг дэд бүтэцтэй байгууллагын аюулгүй байдлыг хангана.