Халдварын тархалт ихсэж байгаа энэ цаг үед мэргэшигч эмч, ажилтнуудыг нэмэлтээр дайчлан ажиллуулахаар болсон талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд мэдээллээ.
Тэрээр ” Манай улсад омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш нөхцөл байдал хүндэрч байна. Тэр хэмжээгээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэл өндөр байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 474 мэргэшигч эмч нарыг дайчлан ажиллуулах тушаал гарсан. Энэ хүрээнд АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмч нарыг нэмж дайчлуулна. Өнгөрсөн онд нийт 4300 гаруй эмч дайчлагдан ажилласан бол сүүлд гарсан тушаалд илүү цагийг хэрхэн олгохыг тодорхой заасан байгаа. Ажлын өдрүүдэд 18-20 цагт сунаж ажилласан мөн амралтын өдрүүдэд ажилласан илүү цагийн мөнгийг олгож буй. Нэмэлтээр ажиллаж байгаа эмч, сувилагч, ажилтнуудын ирц жигдэрч байна” гэлээ.