Ирэх хоёрдугаар сард эхлэх Бээжингийн өвлийн олимп, паралимпад оролцох Үндэсний шигшээ багийн тамирчдад нэг удаагийн урамшуулал олгох тухай Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Засгийн газраас “Үндэсний шигшээ багийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 156-р тогтоолыг 2021 оны тавдугаар сарын 27-нд баталсан. Уг тогтоолоор Үндэсний шигшээ багийн тамирчдын нийгмийн баталгааг хангахад бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор “Токио 2020” зуны олимп, паралимпад оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон юм.
Иймд “Бээжин 2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад мөн нэг удаагийн урамшуулал олгох Засгийн газрын тогтоолыг баталсан байна.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өвлийн олимп, паралимпын эрх авсан шигшээ багийн тамирчдад бэлтгэл сургуулилтаа чанартай гүйцэтгэж, дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөж амжилт гаргах үндсэн нөхцөлийг бүрдүүлэхэд Засгийн газраас олгож буй энэхүү дэмжлэг сэтгэл зүй болоод санхүүгийн бодит дэм болно гэж үзэж байна” гэв.
2022 оны нэгдүгээр сарын 18-ны байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид өвлийн олимп, паралимпын наадамд оролцох 3 эрх авсан байна. Цаашид манай тамирчид тэшүүр, биатлон, пара гүйлтийн цанын спортын төрөлд тус бүр 1 эрх авч, эрхийн тоогоо гурваар нэмэгдүүлэх өндөр магадлалтай байгаа аж.